“Наадмын од нь гийсэн” ганц л хүн байсан нь Энхтүвшингийн Батмагнай

0
1115

 

 

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай Улсын баяр наадамд 512 бөхөөс 9 даван түрүүлж Монгол Улсын арслан боллоо. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат МУ-ын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багш маань мялаалгын өвөрмөц үг бичиж фейсбүүктээ байршуулжээ. Мялаалга нь:

“Монгол бөхийн цоо шинэ эрин үеийг эхлүүлж, бөхийн цол дуудлагад гардагчлан “уран мэхийг уралдуулан” хийсээр ес давж, өчүүхэн ч ядралгүй түрүүлсэн, ‘наадмын од нь гийсэн” хөвгүүнтэй, 76 жилийн дараа Улсын Арслантай болсон Хонгор нутгийнхны бахархлын нүсэр давлагаан дундаас арай чүү сугалан олж , хадагтай номоо дурсган зарим хүн биед хүрэлгүй шахуу унаад байгаа энэ орь залуу Арслантай бие бодыг нь шахаж хамтын патиар татуулав.

Одоо хорин дөрөвхөн настай гэхээр чинь ид заль (жузал) нь буцлан бадарсан үе дээрээ яваа ирээдүйд хэд ч түрүүлж мэдэх Аварга ажгуу. Энэ сайхан залуугийн цаана, “Тэргүүн Богд дэвжээний” үе үеийнхэн Улсын харцага Д.Батболд, Н.Золбоо нарын туйлын даруухан атлаа маш хүчирхэг, ухаалаг ах нар байгаа нь мэдээж. “Наадмын од нь гийжээ” хэмээн намайг хэлж, бичихэд зарим нь ойлгохгүй, юу байдаг юм хэмээн даапаалж байсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар нарын утгыг мэдэгч хүмүүс нэвт шувт ойлгон талархаж байсныг дашрамд дурдсуу!

Тийм ээ, өчигдөр 512 бөхийн дунд “Наадмын од нь гийсэн” ганц л хүн байсан нь Энхтүвшингийн Батмагнай, ирээдүйн энэ Монголын “Гарьд Магнай” байсан билээ” гэсэн үг өгүүлбэртэй.

Ташрамд, нэртэй соён гэгээрүүлэгч С.Дулам багшийн хагас сая шавийнх нь нэг болох бид, Э.Батмагнайг Улсын баяр наадамд түрүүлнэ гэж Баянхонгорчууд ярьж байгаа тухай өнгөрсөн 6 дугаар сарын 18-нд Агуулга мн сайтад нийтлүүлсэн бичвэрээ уншигчдадаа бас давтан толилуулъя.

Бөх ярья. Баянхонгорын Занданшатар, женко Баттулга, МСС Оджаргал…Өө уучлаарай

Наадам дөхөж байна. Бөх ярья. Эрдэнэ бандида хутагт, хамба номун хан Ламын гэгээний (1639-1704) нутаг, одоогийн Баянхонгор аймгаас улсад онцгой сайн барилдаж алдар цолонд хүрсэн хүчит бөхчүүд олон бий. Үүнд,

— Ерөнхий сайд Занданшатар, женко Баттулга, М-СИ-ЭС Оджаргал, бидон Ганбат, босоо Ганбаатар, гадаад Батцэцэг, төмөр зам Жаргалсайхан, жагсаалтын Бум-Очир,..Өө уучлаарай, андуураад улс төрчдийн буруу жагсаалт гаргаад ирж. Одоо солиод Баянхонгорын бөхийн жагсаалтаа танилцуулъя.

Нисэхийн Аюуш, Пагмын – улсын арслан

Том Сүхбат, Пунцагийн – улсын гарди

Эрдэнэцогтын Готов, Цэдэнжавын – улсын заан

Улсын харцага – Д.Батболд, Б.Бат-Орших, Н.Золбоо

Улсын начин – Э.Батмагнай, Б.Баянжаргал, Д.Доржбат, А.Норов, П.Нямжанцан, Д.Нямхүү, Д.Сүхбат, Б.Сэр-Од, Д.Цэрэнтогтох, Ж.Чулуунбат, Б.Эрдэнэхүү.

Монголчууд бэлгэ дэмбэрэлтэй ард түмэн. Энэ бэлгэ дэмбэрлийн утга учрыг, зарим хүн өөрийн хүсэмжилж буй зорилго хүсэл мөрөөдөлдөө холбож таашаал авдаг удаатай. Тухайлбал, Төрийн өндөрлөгт тухайн аймгаас улс төрч сонгогдож, томилогдож гарч ирэхэд тэр аймгийн бөхийн хорхойтнууд манай аймгийн энэ бөх өнөө жилийн Улсын баяр наадамд түрүүлнэ гэж шуугьж эхэлдэг. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Баянхонгор аймгийн Баацагаан сумд 1970 онд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Мартын 8-нд мэндэлсэн Г.Занданшатар Улсын баяр наадам эхлэхээс сар гаруй өмнө томилогдлоо. Баянхонгорынхон тус аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнайгаа 2025 оны Улсын баяр наадамд түрүүлнэ хэмээн шуугьж эхэллээ.

Гэхдээ УИХ-ын экс дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайд болохоос өмнө Монгол бөхийг барилдахаас бусдаар бөхчүүдээс ч илүү мэддэг бөхийн хорхойтнууд Баянхонгорын Э.Батмагнай начинг энэ 2025 оны Улсын баяр наадамд түрүүлэх бөхийн тааврын жагсаалтын нэгд нэрлэж байсан. Улсын начин Э.Батмагнай нь 2001 оны 1 дүгээр сарын 12-нд Баянхонгорын Жинст сумд Л.Энхтүвшингийн отгон хүүхэд болон мэндэлсэн. 11-тэйгээсээ 2012 оноос Монгол үндэсний бөх болон Олимпын төрөлд ордог чөлөөт бөхөөр хичээллэсэн. Тэрээр 2019 онд аймгийн начин, 2020 онд аймгийн заан, 2022 онд Улсын начин цол хүртсэн. Өнөө жил онцгой сайн барилдаж байгаа түүнийг Наадамчин олон, тэр дундаа бөхийн хорхойтнууд Баянхонгорын Г.Занданшатар Ерөнхий сайд болсны учир тохиолын бэлгэ дэмбэрлээс үл хамааралтайгаар Улсын баяр наадамд түрүүлнэ гэж итгэж найдаж буй.

Улсын начин Э.Батмагнай өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн Цомын төлөөх барилдаанд чансаа өндөртэй 128 бөхөөс 7 давж түрүүлэн Цом хүртсэнээр Улсын баяр наадмын түрүү үзүүрийн бөхийн эрэмбэтэй хүчтэн болохоо батлан харуулсан.

Тэрээр 2024-2025 оны улиралд Монгол бөхийн өргөөнд зохиогдсон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаануудад амжилттай барилдаж МҮБХ-оос оноо өгч шалгаруулдаг Шилдэг 8 бөхийн хоёрдугаар байрт шалгарлаа. “Тэргүүн бөх”-өөр Улсын заан Б.Бат-Өлзий шалгарч, Э.Батмагнай начны өмнө гишгэлээ. Ташрамд Шилдэг наймд шалгарсан бөхчүүдийг танилцуулъя.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий (нас 33) 11350 оноо

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай (24-тэй) 10300 оноо

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар (22-той) 10050 оноо

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр (27-той) 9700 оноо

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож (30-тай) 9400 оноо

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр (27-той) 9100 оноо

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун (35-тай) 8800 оноо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай (35-тай) 8600 оноо, тус тус авчээ.

Улсын начин Э.Батмагнайн энэ 2025 он гарснаас хойш амжилттай барилдсан нь:

__3-р сарын 13. Баянхонгор аймгийн нэгдсэн Золголтод зориулсан барилдааны Түрүү

__3-р сарын 16. Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны Шөвгийн 4-т

__3-р сарын 29. Бест буйдан ХХК-ийн нэрэмжит Сугалаат барилдааны Үзүүр

__5-р сарын 3. Чингэлтэй хайрханы хишиг барилдааны Үзүүр

__5-р сарын 4. Ховдын Чандмань сумын 100 жилийн ойн барилдааны Үзүүр

__5-р сарын 23. Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдааны Түрүү, эдгээр болно.