Хулангийн тоосонд орсон илжиг гүйцэгддэггүй

Улирагч зууны далан нэгэн онд аж.

Түүнийг цэрэгт дөнгөж ирээд байтал Их газрын чулуу руу явж байшин барих ангийн захирагчийн тушаал гарах нь тэр. Тушаал бол тушаал.

Юун байшин, яах гэж байгаагаа ч сайн ойлгоогүй хэдэн цэрэг “Монхор ногоон” дээр хоол хүнс, майхан саваа ачиж аваад Дундговийн зүг тоос татуулан арилж өгөв. Замдаа, учир мэдэх хүнээс лавлавал “Ичээнд нь” киноны зураг авалтын байр савыг барих гэж яваа юм гэнэ.

Очсон даруйдаа цэргүүд ажилдаа орж явчихав. Төлөвлөсөн ажил хугацаандаа жин тан.

Тэгтэл кинонд тоглох жүжигчид нь ч ирэх болж. Их газрын чулууны нэг том цохионы өвөрт цэргүүдийн майхан, харин ард нь киноны зураг авах байр. Цэргүүд цохион дээр нарласан шигээ жүжигчдийг харсан шигээ нүд хужирлаж байв гэнэ.

Нямсүрэн, Сэдэд, Бужгар, Дагийранз, Тунгалаг, Сувд… нэрд гарсан, ид нэрд гарч яваа жүжигчид ирж. Оройхон Сумхүү гэж Галдан бошигтын сэлэм шиг гялалзаж цавчилсан догшин ширүүн харцтай найруулагч байдлыг газар дээр нь үзээд “Хорошо” хэмээн үнэлж “Цэргүүдийн буцааж болохгүй, энд нь байлга, хоол хүнсээр ханга. Сайн ажилласан учир киноны олны хэсэгт тоглуулна” хэмээн зарлигдах нь тэр. Цэргүүд ч бөөн баяр.

Тэднийг зодуулж, нүдүүлж хоригдож байгаа хүмүүст тоглуулав. Нартай, жаргалтай нэг өдөр Дамбийжаагийн их хатны зүүдний зургыг авах болж.

Гэтэл туг тахих хүнд тоглох хүн байдаггүй. Найруулагч Сумхүү гуай “Тэр цэргээр туг тахина” гэв. Тэр нь хэн байсан гэж санана. Адилбишийн Дашпэлжээ.

-“Ичээнд нь”кинонд надаар туг тахиж билээ. Би чинь Монголын кино урлагт өөрөөрөө туг тахиулж орж ирсэн хүн дээ. Пэлжээ гуай ийн хэлсэн.

…Наяад оны эхээр юмсанж. Дашпэлжээ дуурийн театрт дуучин болчихсон хойноо үдийн цайгаа уухаар шат уруудан “таваргаж” явж. Гэтэл нэг хүүхэн хажуугаас нь татаж зогсоогоод хараад л байх юм гэнэ. Тэгснээ “Намайг дагаад яв” гэж. Дагаад алхчихав. Думаа жаажаагийн өрөөнд оруулснаа “Та үүний нүүрийг будаадах. Проб аваатахъя” гэж. Нүүрээ будуулангаа “Думаа жаажаа, энэ юун хүн бэ” гэвэл “Кино найруулагч Долгор гэдэг хүн. “Намрын халуун өдрүүд” кинонд тоглох хүн хайж яваа юм гэх чинь билээ” гэх нь тэр.

Тэгтэл ч удалгүй нэг өдөр Кино үйлдвэрээс дуудуулсан байв. Очвол маршал Хорлоогийн Чойбалсанд тоглуулахаар болсон байж гэнэ.

-“Намрын халуун өдрүүд” чинь С.Удвал гуайн зохиол шүү дээ. Киноны зураг авч байх үеэр Удвал гуай хааяа ирж зөвлөгөө өгдөг байв. Сайн, муу байна гэж тэр олон долоон юм огт ярихгүй. Харин киноны нээлт дээр ирээд “За за ямартай ч би маршалаа олсон юм байна” гэж байсан сан. Энэ үг надад их сайхан санагдаж билээ. Пэлжээ гуай ийн дурссан.

…“Мандухай цэцэн хатан” киног анх Жигжид гуай эхэлсэн ажээ. Мандухайн сургаар Монголын кино урлагийн уран бүтээлчид сэрж, түүгээр амьсгалж байв. Сургууль төгсч ирээд удаагүй Дашпэлжээ ч галтай, цогтой гэж хачин. Түүнийг Жигжид гуай дуудуулав.

Кино үйлдвэр дээр яваад очтол түүний өрөөнд олон хүн цуглачихсан киногоо ярьж буй бололтой. Дуу шуу ихтэй. Мань эр ч хүн сийрэх үеэр орж явчихаж.

-За чи юун хүүхэд билээ?

-Намайг Дашпэлжээ гэдэг.

-Аа тийм. Чи чинь нөгөө “Намрын халуун өдрүүд”-ийн хүүхэд үү. Энэ залууг ноён Болдод үзээтэх гэж.

Хэсэг хүүхнүүд түүнд баатрын хувцас өмсгөв. Ноён Болд байлдаанд яваад шархтай эргэж ирэхэд Исмэлийн талынхан хор өгч буй хэсгийг дүрслүүлээд явуулчихаж.

Гэтэл хэд хоногийн дараа дахиад дуудах нь тэр.

-Очвол тэнцчихсэн байлаа. Цэцэг ногоо дэлгэрч, байгалийн үзэсгэлэн ёстой л нэг бүрдчихсэн сайхан цагаар ордны цэцэрлэгт Мандухайтай хоёулхнаа уулзаж буй хэсгийн зургийг Сонгинын амралтад эхэлж авсийм даг.

Алтан ганжиртай сүм дуганы орой цухуйж, сармагчин, тогоруу зэрэг ховор амьтан сүлжилдээд дэндүү гоё. Хоёр хонов, тэнд. Гурав дахь өдрийнх нь өглөө би театрынхантайгаа хамт Дорноговь руу бригадаар явахаас өөр арга байсангүй. Арав хоног яваад ирэнгүүтээ Жигжид гуай руу утасдав.

Тэгтэл “За хүүх ээ, чи зөв ойлгоорой. Чамайг хасчихсан. Өөрийг чинь дуудаж ирүүлэхийг удирдлагад чинь хүсч, зураг дуусахаар буцаагаад хүргээд өгье гэтэл зөвшөөрсөнгүй. Би цэцэг ногоо шарлаж гандахаас урьтаж зургаа авахгүй бол горьгүй байлаа” гэж байна.

Өмнө авсан зураг нь шаардлага хангаагүй юм байх. Миний хойноос Хавлааш гуайг явуулья гэсэн боловч түүнд боломжгүй байсаар яаж ч чадаагүй бололтой. Ингээд л миний хувьд бүх юм дуусчихаж байгаа юм чинь.

Ноён Болдод циркийн жүжигчин залууг тоглуулсан боловч болохгүй болохоор нь “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Лхасүрэнг ч үзсэн гэдэг.

Хойтон жил нь Эрдэнэтэд болсон Монгол, Зөвлөлтийн оюутан, залуучуудын их наадамд оролцож явтал нэрт зураглаач Маш тааралдаж “Найруулагч Бунтар “Ирж яваа цаг” гэж кино хийх гэж байгаа. Чамайг нэгдлийн даргын дүрд тоглуулах гэсэн юм” гэж байна. Би ч уухайн тас зөвшөөрч амралтаараа Элсэн тасархай руу гарч өгөв өө, хө. Лувсан, Цэвээнравдан, Сэлэнгэ нартай хамт.

Сар гаруй яваад иртэл “Мандухай” киноны зураг авалт зогсчихсон дуулдав. Жигжид гуайн бие муудаж, Балжинням хийхээр болсон гэнэ. Хүний зохиолоор хийхгүй гээд кино группээ шинэчилж байгаа гэсэн яриа чих дэлсэв.

Намайг дуудахаар нь очтол Балжинням гэдэг шар нөхөр Өнөболдод тогло гэж байна. Ноён Болд маань Өнөболд болчихсон, үхдэг байснаа кино дуустал амьд сэрүүн байхаар өөрчилсөн байв. Жүжигчид нь ч нэлээн солигдож. Мандуулд тоглож байсан дуучин Жанчивын оронд Нямсүрэн, Батмөнх даян хаанд тоглох Гүрсэдийн оронд Сүххуяг, Гүрсэд нь Жононд шилжчихсэн байв. Надад Өнөболдод тоглох аз ийнхүү дахин тохиосон доо.

Тэнгэрээс харсан хувь тавилан л гэж бодохоос яахав. “Монхор” Пүрвээ, “Муухай” Пүрвээ, Цэрэнпагма, Мягмарнаран, Очирбат, Дамчаа, Сувд, Цолмонбаатар гээд мастеруудын дунд орж явчихсан. Тун жигдхэн хачин гоё хамт олны гишүүн болсон доо. Найруулагч Балжиннямын ч ид оргил байсан үе нь. Ажилсаг, хөдөлмөрч, хариуцлагатай, зарчимч чанар нь товойн тодорч байлаа. Кино групп өглөө зургаан цагт босно. Найман цаг гэхэд зургийн талбай дээр бүх юм жин тан. Зураг авалт дуусахгүй бол үдийн хоолыг зургийн талбай дээр зөөн авчирч өгнө. Аргагүй нүсэр хөдөлж байв. Их ч дайчин хийгдсэн.

“Мандухай”-г би Монголын киноны түүхэнд бие даан бүтээсэн хамгийн том далайцтай уран бүтээл гэж боддог.

Өнөболд бол нэг л сайхан эр хүн гэж найруулагч маань хэлж байлаа. Урван тэрслэгч биш, төрийн л төлөө яваа нэгэн. Эсрэг тэсрэгийн зааг дээр жаахан сагсуу юм шиг боловч бас чиг ухаантайг нь харуулахыг бодсон. Өнөболдод сайн тоглоход олон зүйл нөлөөлсөн л дөө.

Эхлээд зохиол сайн байсан. Дараа нь сайн жүжигчидтэй хамтарч тоглосон. Энэ бүхнээс амьд уур амьсгал үүсч бий болсон. Амьд холбоо гэж тодотгож болох. Түүнээс биш Дашпэлжээгийн Өнөболд гэж юу байхав. Миний хувьд ёстой л “Хулангийн тоосонд орсон илжиг гүйцэгддэггүй” гэгч юм болсон хэрэг. Пэлжээ гуай ийн өгүүлсэн.

Мандухай хатантан аян замд дөнгөж амаржаад байсан үе.

“Мотор” гэнгүүт Өнөболд яваад орж. Сувдын царайг хараад дотор нь палхийгээд явчихаж. Царай нь яалт байхгүй нялх. Дөнгөж амаржсан бүсгүйн ядрангуй бүлээн ширтэлт. Энэ золиг чинь үнэхээр төрчихсөн юм биш байгаа даа гэж Дашпэлжээ бодсон гэж байгаа юм даа. Дүрдээ уусч тамгаа гэмшингүй нь аргагүй өгөхөд “Чамайг ингэнэ гэж мэдэж байсан юм” гэж Мандухайг хэлэхэд сэтгэл нь хөдөлж хайр хөндөгддөг дөө.

Түүний хувьд бүх итгэл найдвар нь дуусч буй боловч эцсийн мөчөө хүртэл залуу зандан насны чин сайхан хайртдаа үнэнч гэдгээ илэрхийлж “Хэрэг болбол намайг дуудаарай. Хэл хүргээрэй. Харвах сумны чинь зэв, цавчих илдний чинь ир болж явья” гэж амлаад гардаг. Нуруун дээрээ тээж явсан гэмшлийн хүнд ачаанаасаа салж эргэн харалгүй шуудхан гараад явчихаж болох л байв. Гэсэн ч араас нь их үнэнч хайрын сэтгэл татаад байсан болохоор аргагүй зогтусан эргэж харсан гэнэм..

…Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ Дундговийн Өлзийтийнх. Цэрэгт байхдаа кинонд тоглочихсон “том гар” маань албаа хаагаад ирсэн даруйдаа тоо бүртгэгч, сумын эвлэлийн үүрийн даргын сонгуультай нэг хэсэг манаргаж.

Түүний хувь заяа нэг л өдөр 180 градус эргэсэн аж.

Далан долоон онд дуурийн дуучдын залуу халааг бэлтгэх зорилготой уралдаан зарлахад түүнд мань эр оролцон түрүүлж, Болгарын дуулаачийн дээд сургуульд суралцах эрхээр шагнуулжээ.

Дуутай, хууртай нутгийн хүү тэрбээр эдүгээ дуулахын зэрэгцээ “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан шонхор”, “Цэц магнай”, “Ирж яваа цаг”…гээд тайз, дэлгэцийн өч төчнөөн кинонд өөрийгөө хувиргаад буй чөмөгтэй уран бүтээлч бөлгөө.

Ц.Галбадрах

Эх сурвалж: aguulga.mn