Өөрөө бүрдүүлэх боломж, Бусдын бүрдүүлэх боломж ба шинэ Хамба Д.Жавзандорж

Одоо цаг дор бидний монголчуудын олонх нь алдагдсан боломж, түүнчлэн жирийн иргэдийн боломжийг хулгайлсан эрх мэдэлтнүүдийн тухай их ярих болжээ. Гэхдээ бас цөөн бус нь “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж итгэл төгс дуу аялж явна.
Жанжин Д.Сүхбаатарын уугуул нутаг Сүхбаатар аймгийн төвд төрж өссөн, Бурхны шашны эрдмийн лхаарамба цолтой лам Д.Жавзандоржийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их Хамбаар өргөмжлөх ёслол тус хийдийн Батцагаан дуганын их танхимд арваннэгдүгээр сарын 18-ны бямба гарагт боллоо.
Д.Жавзандорж нь үүнээс хоёр долоо хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 2-нд болсон Гандантэгчэнлин хийдийн Захиргааны өргөтгөсөн, 55 гишүүний ирц бүхий хурлаас тэргүүн их Хамбаар сонгогдсон. Тус хурлын үеэр гавж Д.Чойжамцын гаргасан Хамба ламын үүрэгт албаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож, улмаар түүний өөрийнхөө оронд нэр дэвшүүлсэн Бурхан Шашны дээд сургуулийн багш Д.Жавзандоржийг хурлын төлөөлөгчдийн 85,7 хувь нь дэмжиж уг асуудлыг шийдвэрлэсэн.
Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн их Хамба Д.Жавзандорж нь ажлаа хүлээж авсан ёслолын үеэр “Бурхны шашны номыг Монгол хэлээр унших ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлье. Бурхны шашин дэлгэрэх болтугай” гэсэн нь сүсэгтэн олонд үг утга нь огт ойлгогддоггүй харь төвөд хэлний уншилга хийдэг орчин цагийн лам нарыг тойрсон сөрөг нөхцөл байдлаас гарч, Дэлхий дахинд хамгийн шинжлэх ухаанч шашин гэж үнэлэгдэж буй Бурхны шашны ном сургаалыг монголчууд бид төрөлх монгол хэлээрээ сонсож, уншиж, гэгээрэх цаг ирж байна, “ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж зарлан тунхаглалаа гэж олон нийтэд ойлгогдлоо.
Бурхны шашны эрдэмтэн мэргэд, Завшаан, Боломж бүхий хүний хувь заяаны тухай их ярьдаг. 1990 оны Ардчилсан хувьсгалын завшаанаар монгол хүний шүтэх эрх чөлөөний боломж нээгдэж, улмаар 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлна” гэж хуульчилснаас хойших өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд Монголын шарын шашны сүм хийдийн хурлын лам нар сүсэгтэн олондоо огт ойлгогдохгүй төвөд хэлээр ном уншин сонсгож ирсэн нь, шуудхан хэлэхэд манай оронд Бурханы шашин бүрэн утгаараа дэлгэрэх оюуны боломжийг хулгайлсан хэрэг байв. Үүнийг нүүрсний хулгай, төрийн зээлийн сангийн хулгайтай зүйрлэх нь арай дэндсэн үзэл бодол байж мэднэ. “Гэхдээ” гээд ард нь асуултын тэмдэг тавихад хариу нь хийсвэр утгаараа тийм ч багаар илэрхийлэгдэхгүй.
Бурхны шашны шинэтгэгч, Гэлүгбагийн ёсыг үндэслэгч, Төвөдийн Амдо мужид мэндэлсэн Зонхов Лувсандагва (1357-1419) гэдэг монгол хүний төвөд хэлээр туурвисан “Бодь мөрийн зэрэг” хэмээх, шашны сургаалын анхан шатны суралцагч нар буюу эхлэн гэгээрэгчдэд зориулсан алдартай бүтээл бий. Уг номыг төрийн шагналт Баабар, Ц.Гомбосүрэн, Б.Цэнддоо нарын 32 эрхмийн бүрэлдэхүүнтэй баг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн 2007 онд хэвлүүлэн монголчуудын гар дээр тавьсан.
Шинэ Хамба Д.Жавзандоржийн, Бурхны шашны номыг Монгол хэлээр унших боломж ирж байгаа талаар хэлсэн үг, Бурхны шашин Монголд дэлгэрэх болтугай гэсэн ерөөлтэй уялдуулан “Бодь мөрийн зэрэг” номын “Завшаан, Боломж бүхий хүний хувь заяа” бүлгийн “Боломж” хэсгийг уншигчдадаа толилуулъя.
ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ Өөрөө бүрдүүлэх таван боломж байх бөгөөд Шаравагагийн төвшин сударт:
Бурхан шашинтай төв оронд
Бүхий эрхтэн нь эрүүл, бүтнээр
Түмэн завшаант хүн болж төрөөд
Түйтгэрт хилэнцээс холуур тойроод
Төгс гэгээрэлд үнэнхүү сүсэглээд
Төгөлдөр ёс зүйг баримтлан замнах. хэмээсэн байдаг. Үүний “Бурхан шашинтай орон” гэдэг нь Буддын дөрвөн зүйл сахилтай лам хуврагтай газар нутаг гэсэн үг юм. “Эрхтэн нь эрүүл” нь мангуу, хэлгүй биш, нүд, чих мэт үндсэн болон туслах эрхтэнүүд бүрэн бүтэн байхыг хэлж байгаа юм. “Хилэнцээс холуур тойроод” гэдэг нь засашгүй алдаа гаргаагүй, түүнд бусдыг өдөөн хатгаагүй гэсэн санаа. “Төгс гэгээрэлд үнэнхүү сүсэглээд” гэдэг нь ерийн болон ер бусын сайн чанар хөгжүүлэх ёс зүйд итгэхийг хэлнэ. Харин “төгөлдөр ёс зүй нь” Буддын гурван аймаг савын эрдэм мэдлэгийг илэрхийлж байгаа юм. Энэ тав нь хувь хүн үйлийнхээ үрээр бүрдүүлдэг үлэмж чухал нөхцөл болно. Тиймээс Өөрөө бүрдүүлэх боломж гэдэг.
БУСДЫН БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ Бусдын бүрдүүлдэг таван боломж нь:
Будда заларсан эрин байх,
Буянт номлол нь түгэж байх,
Бурхны шашин оршин байх,
Бултаараа түүнийг биширч байх,
Бусдыг энэрэхүй үндэслэж байх. “Будда заларсан эрин” нь тоолшгүй гурван галавт эрхэм чанар цогцлуулсан гэгээрлийн зүрхэнд хүрсэн буюу төгс гэгээрсэн Будда оршин буйг хэлнэ. “Буянт номлол нь түгэж байх” гэдэг нь Будда болон түүний шавь нар номлол зааж буй гэсэн үг. “Бурхны шашин оршин байх” нь төгс гэгээрсэн Будда үлдэгдэлгүй нирваанд орох хүртлээ үнэмлэхүй үнэний гэгээн номлолоо таниулсны үндсэн дээр Буддын шашин доройтоогүй гэсэн санаа. “Бултаараа түүнийг биширч байх” гэдэг нь түүний номлолыг ойлгочихсон хүмүүс бусдад гэгээн номлолыг эзэмших чадвар байна гэж үзээд өөрийн мэдсэнээ тэдний хэмжээнд нь нийцүүлэн зааж, дагуулахыг нь хэлнэ. “Бусдыг энэрэхүй үндэслэж байх” гэдэг бол өглөгч хайрлагч болон өгөөмөр сэтгэлтнүүд лам хуврагийн хувцас зэргийг өгөхийг хэлж байгаа юм. Энэ тав нь бусдаас шалтгаалдаг гол нөхцөл болдог. Тиймээс бусдын бүрдүүлэх боломж гэдэг” гэх зэргээр тайлбарлан сургасан байна.
Ташрамд хэлэхэд, өдгөө 43 настай шинэ Хамбын маань өнөөдөр хүртэлх амьдралын зам мөр, сурсан мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал гэх мэтийг бүх өнцгөөс харахад бага насандаа анхлан Бурхны шашинд сурахаар хөл тавихдаа эхлэн суралцагчдад зориулсан “Бодь мөрийн зэрэг”-ийн Өөрөө бүрдүүлэх таван боломж, Бусдын бүрдүүлэх таван боломжийг үнэмлэхүй түвшинд “ашиглаж” чадсан нэгэн болох нь мэдрэгдэж байна.