Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй Цэцээс Н.Чинбат, Д.Одбаяр арайхийж явж шинэ гишүүд ирлээ

(Цэцийн шинэ гишүүнээр О.Мөнхсайхан, эрхзүйч хатагтай Л.Өлзийсайхан, хатагтай Э.Энхтуяа нарыг томилов)
Монгол Улсын Үндсэн хуулийн
_биелэлтэд Дээд хяналт тавих
_түүний заалтыг зөрчсөн тухай Дүгнэлт гаргах
_маргааныг магадлан Шийдвэрлэх бүрэн эрх бүхий, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон байгууллага нь Үндсэн хуулийн Цэц. Тус байгууллагын анхны дарга Г.Совд гуай “Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх Тэнгэр байдаг” гэж тодорхойлсныг, үл бүтэх этгээдүүд “Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн хөх Тэнгэр байдаг” гэж гуйвуулж улс төрийн тодорхой бүлэглэлд ашигтай, хэрэглээний цэцэн үгийн эшлэл болгон өөрчилсөн.
Цэц есөн гишүүнтэй, байнгын ажиллагаатай байгууллага. Есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог хууль дүрэмтэй.
Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн бүрэлдэхүүний орон гарсан гурван суудалд Цэцийн гишүүнийг томилох ажил болов. Г.Занданшатар даргатай УИХ-аас нэр дэвшүүлсэн УИХ-ын ТГ-ын ерөнхий нарийн бичгийн дарга эрхзүйч хатагтай Л.Өлзийсайхан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн ХЗДХ-ийн яамны газрын дарга эрхзүйч хатагтай Э.Энхтуяа, Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан нарыг Цэцийн гишүүнээр томилов.
Цэцийн гишүүдийн орон гарсан гурван суудлын тухайд гэвэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа нэр дэвшүүлж 2018 онд гишүүн болсон Ц.Нанзаддорж бүрэн эрхийн хугацаанаасаа (2024.05.24) өмнө энэ оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин Цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн экс дарга Д.Одбаяр нар нь гишүүнийн бүрэн эрхийн 6 жилийн хугацаа нь нэгэнт дууссан байхад өөрсдөө санаачилга гаргаж чөлөөлөгдөх нь бүү хэл, эсрэгээрээ УИХ-аас чөлөөлөх хүртэл суудлаа тавьж өгөхгүй гэж чардайсан. Ингэж чардайсны эцэст, бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сарын 17-нд дууссан Д.Одбаяр, энэ оны зургадугаар сарын 9-нд дууссан Н.Чинбат нар 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, орныхоо шинэ гишүүдийг томилогдохоос хоёр минут хорин секундын өмнө албан тулгалтаар чөлөөлөгдөв.
Аман ярианы хэллэгээр “Үндсэн хуулийн хоточ нохой” гэгддэг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаагаа хэтрүүлэн ажиллаж, хууль зөрчсөн Н.Чинбат, Д.Одбаяр нарт Зөрчлийн хуулиар хүлээлгэх шийтгэл байдаг болов уу. Ер нь байсан ч, байхгүй байсан ч иргэд олон нийт “яах вэ, яах вэ” гэж үл тоож болох шиг санагдана. Зарим хүмүүс “Дээрээ зөвхөн мөнх хөх тэнгэртэй Цэцээс Н.Чинбат, Д.Одбаяр нар арайхийж явж Шинэ гишүүд ирлээ” гэж баярлаж байгаа нь эдгээр эрхэмд хүлээлгэж буй ёс суртахууны эчнээ шийтгэл байх.
Байнгын тасралтгүй ажиллагаатай Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан нарын, хоёр эмэгтэй эрхзүйч шинээр орж ирснээр, урьд нь 2018 онд томилогдсон Ш.Солонго дээр нэмэгдэж, нийт есөн гишүүнээс эмэгтэй гишүүдийн тоо гурав болж, жендерийн бүтэц 1:2 болж өөрчлөгдөв.
Гавьяат хуульч Н.Чинбат, УИХ-ын гишүүн явсан Д.Одбаяр нарыг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан атлаа ажил дээрээ байгаад байсанд бид мэтийн зарим иргэн, их багаар тодорхой хэмжээнд буруутай. Тэртээ олон зууны өмнө “Тангад улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” хэмээн Чингис хаан шадар нөхдөдөө хэлсэн гэдэгтэй нэгэн адил Н.Чинбат, Д.Одбаяр нарт Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан болохыг нь долоо хоногийн ажлын өдөр болгон сануулж байх иргэний хяналтын үүргээ бид мэтийн нөхөд цалгардуулсан байна.
Энд дурдсан алдаагаа давтахгүйн тулд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн 6 жилийн хугацаагаар томилогдсон эхний өдрийг бус бүрэн эрхийн хугацаа нь дуусч чөлөөлөгдөх хугацааг нь сануулах зорилгоор мэдэж авснаа уншигчидтайгаа хуваалцъя.
УИХ-аас баталсан загвар бүхий Цэцийн гишүүний малгай, нөмрөг хувцас өмсгөлтэй, УИХ-аас тогтоосон хэмжээт цалинтай есөн гишүүн:
- Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар томилогдсон Ш.СОЛОНГО. Бүрэн эрхийн хугацаа нь ирэх 2024.05.24-нд дуусгавар болно.
- Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар томилогдсон Г.БАЯСГАЛАН. Бүрэн эрхийн хугацаа нь 2025.06.06-нд дуусгавар болно.
- Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар томилогдож буй Л.ӨЛЗИЙСАЙХАН. Бүрэн эрхийн хугацаа нь 2029.11.16-нд дуусгавар болно.
- Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар томилогдсон Г.ТУУЛХҮҮ. Бүрэн эрхийн хугацаа нь ирэх 2024.05.24-нд дуусгавар болно.
- Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар томилогдсон Б.БУЯНДЭЛГЭР. Бүрэн эрхийн хугацаа нь ирэх 2024.05.24-нд дуусгавар болно.
- У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн саналаар томилогдож буй Э.ЭНХТУЯА. Бүрэн эрхийн хугацаа нь 2029.11.16-нд дуусгавар болно.
- Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг УДШ-ийн саналаар томилогдсон Ж.ЭРДЭНЭБУЛГАН. Бүрэн эрхийн хугацаа нь 2027.03.26-нд дуусгавар болно.
- Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг УДШ-ийн саналаар томилогдсон Дашбалбарын ГАНГАБААТАР. Бүрэн эрхийн хугацаа нь 2027.10.07-нд дуусгавар болно.
- Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг УДШ-ийн саналаар томилогдож буй О.МӨНХСАЙХАН. Бүрэн эрхийн хугацаа нь 2029.11.16-нд дуусгавар болно.
Ташрамд сануулахад, Цэцийн гишүүн хатагтай Ш.Солонго, мөн Г.Туулхүү, Б.Буяндэлгэр Та гурвын, гишүүний бүрэн хугацаа тань ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө тавдугаар сарын 24-нд дуусгавар болж байна. Н.Чинбат, Д.Одбаяр нарын хугацаандаа ажлаа өгөөгүй алдааг давтуузай. Тэр хоёр ч яах вэ, ширэн нүүртэй хүмүүс, тэдэнтэй барьцаад хэрэггүй.