Намууд 2024 онд УИХ-ын 1 суудалдаа Сангийн яамнаас 10 саяыг уу, эсвэл СЕХ-ноос 16,5 саяыг авах уу

Манай улсын иргэдийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэг удаа хөдөлгөх дархан эрхтэй нэг байгууллага байдаг. Энэ бол Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо. Гурван талт гэж яригдаж байгаа болохоор тус Үндэсний хорооны гишүүд нь хамтын 100 хувийн шийдвэр гаргахад тус бүр 33,33 хувийн саналын эрхтэй гурван байгууллагын гурван том эрх мэдэлтэн байх нь ойлгомжтой.
Эдгээр гурван том эрх мэдэлтэн нь:
__МУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
__Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч,
__Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч нар.
Өнгөрсөн 10 дугаар сарын 13-нд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо нь, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХ-ны дэд Ерөнхийлөгч Х.Ганбаатар нарын ирцтэйгээр хуралдаж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой хоёр чухал тогтоол гаргав. Үүнд,
Нэг. Ирэх 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөг болгож шинэчиллээ. Өнөөдөр 2023 оных 550 мянган төгрөг байгаа.
Хоёр. Ирэх 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 660 мянгыг дараагийн 2025 онд нэмэгдүүлж дахин шинэчлэн тогтоох хугацааг ирэх 2024 оны 5 дугаар сарын 1-ний дотор гэж товлолоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил бүр өсдөг уламжлал тогтсон нь сайшаалтай. 2022 онд 420 мянга, 2023 онд 550 мянга, 2024 онд 660 мянга, 2025 онд хэд ч юм бэ, найдвартай нэмэгдэнэ, цааших 2026, 2027, 2028 онд бас нэмэгдэх магадлалтай.
Харин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил дараалан нэмэгдэх бүрт ирэх 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх Улс төрийн намын хуулиар татвар төлөгчдийн мөнгөнөөс Намуудад олгох Төрийн санхүүжилтийн хэмжээ мөн жил дараалан шууд пропорционалаар өсөн нэмэгдэнэ.
Монголын уран сайхны нэг кинонд гол баатар нь X, Y, Z гэсэн гурван үл мэдэгдэгчтэй алгебрийн бодлого хараад “тоон дотор үсэг цохиж явна” гэж гайхаж байгаа өгүүлэмж бий. Энэ бол хошигнол. Тэгвэл, УИХ-аас өнгөрсөн Хаврын чуулганаар долдугаар сарын 7-нд баталсан Улс төрийн намын тухай шинэ хуульд (албан ёсны эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл 2023 он №33) С, Т гэсэн хоёр үл мэдэгдэгч “цохиж яваа”. Гэхдээ энэ нь кинон дээр гардаг хошигнолтой жиших зүйл биш. МУ-ын хуульд суусан учраас хоёулангийн тоон утгыг нь заавал бодож хариу гарган практикт хэрэглэх ёстой үл мэдэгдэгч юм.
Улс төрийн намын тухай шинэ хуульд УИХ-ын ээлжит сонгуулиар Намууд нийт сонгогчийн (өнөөдрийн байдлаар 2,2 сая) нэг ба түүнээс дээш тооны санал авсан тохиолдолд Төрийн санхүүжилтээр тухайн Намуудад жил бүр олгох мөнгөн дүнг бодож гаргах алгебрийн томьёог суулгасан.
Тус томьёо нь Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ гэсэн бичлэгтэй. Т1 нь жил бүр хувьсах Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх, Т2 нь жил бүр хувьсах Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн мөнгөн дүнг тус тус илэрхийлнэ. Харин
__Н нь нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийн мөнгөн дүн
__С1 нь УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо (сонгогчдын тоо бус тэдний өгсөн саналын нийт тоо)
__С2 нь УИХ-д тухайн намын авсан суудлын (гишүүний) тоо.
Одоо жаахан тоо ярья. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай нам, эвсэл (бие даагч хамаарахгүй) гишүүний авсан бүрт энэ жилд ногдох 10 сая төгрөгийг 2023 онд багтааж Төрөөс үзүүлэх дэмжлэг гэсэн нэрийн дор Сангийн яамнаас бүрэн авч тооцоо дуусгана. Энэ нь,
– МАН нь 62х10 сая, нийт 620 сая төгрөг
– АН нь 11х10 сая, нийт 110 сая төгрөг
– Та бидний эвсэл 1х10 сая, нийт 10 төгрөг
– Зөв хүн электорат эвсэл 1х10 сая, нийт 10 сая төгрөг.
Ташрамд онцлоход, эдгээр дөрвөн улс төрийн хүчин айсуу 2024 онд одоогийн Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-д авсан 1 суудал (гишүүн) бүртээ 2023 оныхтой нэгэн адил 10 сая төгрөгтэй дүйцэх Төрийн санхүүгийн дэмжлэг авах уу, эсвэл 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчлэх шинэ хуулийн дагуу 16,5 сая төгрөгийн Төрийн санхүүжилт авах уу гэдэг нь олон нийтийн мэдэх эрхийн хүрээнд хариу нэхсэн асуултын тэмдэгтэй байна.
Шинэ хуулиар бол УИХ-ын гишүүний 1 суудал нь Т2 буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 660000х25, нийт 16 сая 500 мянган төгрөг болж үнэлэгдэх юм.
Манай улсын олны танил улс төр судлаач, эдийн засагч нарын тайлбараар бол УИХ-аас Улс төрийн намын тухай шинэ хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж заасан нь парламентад олонх МАН-ын “хар хайрцагны” бодлого бөгөөд тус Нам ирэх 2024 онд Төрийн санхүүжилтийг одоо хэрэгжиж байгаа хуулийн заалтаар бус шинэ хуулийн Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ томьёогоор, өөрөөр хэлбэл харьцангуй өссөн дүнгээр авах ажээ.
Хардлагын тайлбар хийгч эрхмүүдээс уг томьёогоор алгебрийн тэгшитгэл бодож гаргасныг сонирхуулъя. МАН-ын тухайд,
___ /С1 х Т1/-ийн С1 нь 2020 оны УИХ-ын сонгуулиар авсан нийт саналын тоо буюу нийт 1 сая 795793 санал. Т1 нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянгын 0.5 хувьтай тэнцэх мөнгөн дүн буюу 3300 төгрөг. Төрийн санхүүжилтийн сонгогчийн саналтай уялдсан МАН-ын авах мөнгө /С1 х Т1/ нь 1795793х3300 тэнцүү нийт 5 тэрбум 926116900 төгрөг.
___ /С2 х Т2/-ийн С2 нь 2020 оны УИХ-ын сонгуулиар авсан нийт суудлын тоо буюу 62 гишүүн. Т2 нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянгыг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн буюу 16,5 сая төгрөг. Гишүүдийн тоотой хамаарч Төрийн санхүүжилтээр МАН-ын авах мөнгө /С2 х Т2/ нь 62х16500000 тэнцүү нийт 1 тэрбум 23 сая төгрөг.
__ Нийт санхүүжилтийн мөнгөн дүн Н нь 2024 онд 5926116900 + 1023000000, тэнцүү 6 тэрбум 946 сая 116900 төгрөг байх аж.
2023 он өндөрлөхөд хүчингүй болох одоогийн мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн 19.1.-д УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар 1 саналыг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа 3 сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр 1 удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ. 19.2.-т УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний 1 суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. гэж заасан.
Дээрх зүйл заалттай холбогдуулж хэлэхэд мөдхөн хүчингүй болох одоогийн Улс төрийн намын тухай хуулиар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа зөвхөн парламентад суудалтай МАН, АН, Зөв хүн электорат эвсэл, Та бидний эвсэл, энэ дөрөв өөрсдийнх төлөө өгсөн сонгогчдын санал бүрийг 1000 төгрөгөөр үнэлүүлж тус тусдаа 1 тэрбум 795 сая 793000, 978 сая 890000, 323 сая 675000, 209 сая 104000 төгрөгийн Төрийн санхүүжилтийг авсан.
“Шинэ он гарангуут Нэгдүгээрт, парламентад суудалтай МАН тэргүүтэй нам, эвсэл УИХ-ын гишүүнийхээ 1 суудлыг томьёоны Т2-оор буюу 16,5 сая төгрөгөөр үнэлүүлж Төрийн санхүүжилт авах, Хоёрдугаарт шинэ хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулиар нийт сонгогч 2003969 иргэний 1 ба түүнээс дээш хувийн санал /20 мянга 39 санал/ авсан МАН, АН, Монголын Ногоон нам, Та бидний эвсэл, Зөв хүн электорат эвсэл, Шинэ эвсэл, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, долуулаа /С1 х Т1/-ээр Төрийн санхүүжилтийг нэг жилийнх буюу 2024 оныхыг авах нөхцөл бүрдэж байна”. Ингэж л олны танил эрдэмтэн судлаачид дүгнэлт хэлж байна.
Ташрамд хэлэхэд, одоогийн Улс төрийн намын тухай хуульд Нам, эвсэлд өгөх санхүүжилтийг Төр өгнө гэж ерөнхий заасан байх бөгөөд практикт өнгөрсөн хугацаанд Сангийн яамнаас тэр ногдох мөнгийг Нам, эвслийн санхүүд шууд шилжүүлж иржээ. Харин 2024 оноос хэрэгжих шинэ хуульд Сонгуулийн төв байгууллага–Сонгуулийн ерөнхий хороо Төрийн санхүүжилтийн мөнгийг Нам, эвсэлд шилжүүлнэ гэж тодорхой нэр цохож заажээ.
Улс төрийн намын тухай шинэ хуулийн 27 дугаар зүйлд Улсын төсөвт суулгах Төрийн санхүүжилтийн нэг жилийн дээд хэмжээг УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг Улсын төсвөөс Намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар Төрийн санхүүжилт олгоно гэжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянгын 0.7 хувь нь 4620 төгрөг. Нийт сонгогч нь 2020 оны сонгуулийн үеэр 2 сая 003969 иргэн байв. Иймээс Төрийн санхүүжилтийн босго хэмжээ 9 тэрбум 258198180 төгрөг.
Хэрвээ Төрийн санхүүжилтийг Намуудад ирэх 2024 онд Улс төрийн намын шинэ хуулиар олгох бол саяхан УИХ-аар батлагдсан 2024 оны Улсын төсөвт Сонгуулийн ерөнхий хорооны багцад энэ зориулалтын 9,2 тэрбум төгрөг суусан байх ёстой болж таарлаа.