Чингис хааны тушаал: Дээд Тэнгэрт бишир. Бусдын Ёсыг адил хүндэл

0
359

 

Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны туулай жилийн Өвлийн тэргүүн нэгдүгээр сарын 1 буюу Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 14. Хаадын хаан эзэн Чингисийн мэндэлсний 861 жилийн ойн Монгол бахархлын өдөр.

1240 онд одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд бичиж дуусгасан Монголчуудын түүхэн эх сурвалжийн шедевр нэгэн бүтээл Монголын нууц товчоонд  “Тэр цагт Есүхэй баатар Татарын Тэмүжин үгэ, Хорибух зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог хэмээх газар Чингис хааныг төрүүлжээ” гэж гардаг. Энэ бүтээлийг 1946 онд орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсан академич Ц.Дамдинсүрэн гуай уг хэсэгт “Чингис хаан төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэж нэмэлт хийсэн байдаг.

Манай монгол түүхчдээс Чингис хааныхаа тухай анхны бие даасан том бүтээл хийсэн эрдэмтэн нь төрийн шагналт Ш.Нацагдорж гуай. Сартваах эрдэмтний маань 1990 онд бичиж дуусгасан “Чингис хааны цадиг” ном нь 1991 онд хэвлэгдэж уншигчдийн хүртээл болж байв.

Ер нь эзэн Чингис хааны тухай бичиж нийтлүүлсэн том бага олон зуун нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл бий. Тэдгээрийн нэг болох, 1925 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Ардын цэрэг” сонины №9-д хэвлэгдсэн “Суут Богд Чингис хааны тушаал” нэртэй нийтлэлийг уншигчдадаа толилуулъя.

СУУТ БОГД ЧИНГИС ХААНЫ ТУШААЛ

Чингис хаан тэргүүлэн олон баатар жанжин цэргүүд Баруун зүгийг дайлаар мордоход Дэлүүн болдог толгой дээр хуралдаж Эзэн Чингисийн хэлсэн үг.

– Олон баатар амар сайн уу. Энэ баясгалант сайн Онон мөрний хөвөөн дээр Та нарын бүгдийн амрыг эрье. Хожмын ач үрүүд энэ сайхан манай Улсын мандсан сайн өдрийг үл мартмуйяа. Энэ өдрөөс хойш манай Улсын нэр мохошгүй зоригт Монгол хэмээн нэрийдэж бүгд Ертөнцийг нэгтгэн тохинуулж оруулмой. Та бүгд сайтар сонс. Энэ өдрөөс эхлэн үүрд дагаж явах Цаазыг аюуху мэд.

Удирдагч жанжин түшмэлийн үгийг огт зөрөлгүй шууд дагахтун. Урвагсдыг өшөөл. Далдирагсдыгаа устга. Бие биеэндээ хас хад мэт явж өмгөөл. Эхнэр хүмүүнийг хүндэл. Зэр зэвсгийн сургаалыг тасралтгүй хийхтүн. Биеэ бага наснаас аливаа хатуу зөөлөн явдалд хатуужин сурга. Дээд Тэнгэрт бишир. Бусдын Ёсыг адил хүндэл. Мохошгүй зоригт Монгол нь эдгээр Ёсыг журамлан дагаваас, бүх Ертөнц таны хамт нэгдэж болмой. 

хэмээх лүгээ /гэхтэй зэрэгцэн/, түмэн түмэн ам нэгэн зэргээр ангайж тэнгэрийн дуу адил Тэмүжиний алдар, Монгол улс мандтугай, мандтугай хэмээн бархиралдаж цан хэнгэрэг дэлдэж, их бага бүрээ татан далай ёроолоосоо хөдөлсөн мэт хэмээжүхүй.

Иймийн тул бага наснаасаа сургуульд боловсруулах, боловсрох ба, цэргийн Цаазын сахилгыг чанга болгох нь эдүгээгээс үүдсэн бус бөгөөд бидний Улсын язгуур үндэсний охь манлай суут Богд Чингис хаан тушаал буулгаж түүний харьяат олон цэрэг ардууд журамлан дагаж явснаар Дэлхий дахиныг их Төлөвийг /амар амгалан/ тохинуулан дагуулсан явдлыг хянан бодох ажааму. 

Ташрамд тэмдэглэхэд, дээрх өгүүлэл зохиогчийн нэргүйгээр нийтлэгдсэн “Ардын цэрэг” сониныг Монгол Улсын Бүх Цэргийн явдлын яамны Цэргийн бичиг зохиох хэлтсээс долоо хоног бүр нэг дугаар хэвлэн гаргаж байжээ.