10 мянган хүний аминд хүрсэн Израилын арми Газын зурваст өдөр бүр 4 цаг гал зогсооно

0
298

Палестины 10 км өргөн, 40 км урт нутаг дэвсгэртэй, 2 сая гаруй хүн амтай Газын зурвасын эрх баригч цэрэгжсэн улстөрийн нам-Хамасын бүлэглэл өнгөрсөн 10 дугаар сарын 7-ны өглөө Изриал руу халдан довтолсноор хоёр талын хоорондох зууралдсан байлдаан эхэлсэн. Газын зурваст болж буй дайны хор уршгаар одоогийн байдлаар Израилын талаас амь үрэгдсэн цэрэг, иргэдийн тоо 1600-д хүрчээ. Дээр нь Хамасын талд барьцаалагдсан, өнөөдөр амьд, эсхүл алагдсан эсэх нь тодорхойгүй Израилын 200-гаад энгийн иргэн байгаа.

Орчин цагийн цэргийн хүчирхэг зэвсэг техниктэй Израилын арми эх нутагт нь цөмрөн орсон Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчдыг үлдэн хөөж гаргасан төдийгүй Газын зурваст нутаг дээр нь тэднийг толгой дараалан, нэг ч “хамас”-ыг үлдээхгүй устгах Засгийн газрынхаа тушаалыг биелүүлэн байлдаж байна. Байлдааны ажиллагааны хөлд үрэгдэж амь насаа алдсан жинхэнэ Хамас болон энгийн иргэдийн тоо нийтдээ 10 мянга гаруй болжээ.

Израилын эрх баригчид энэ тушаалын зөвтгөлөө, нэгд, өнгөрсөн тодорхой хугацаанд энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан Газын зурвасын талаас Хамасын бүлэглэл Еврейчүүдийн цаг тооллын хамгийн ариун өдөрт тооцогддог аравдугаар сарын 6-ны Ём Киппурын баярыг давхцуулан гэнэт довтолж ёслолд оролцож байсан энгийн иргэдийг олноор егүүтгэсэн, хоёрт тус улстөрийн Хамас нам нь хөтөлбөртөө “Израилыг газрын хөрснөөс арчиж устгах” гэсэн зүйл заалт оруулсан байдагтай холбож тайлбарлаж байна.

Газын зурвасыг бүслэн хааж байлдааны ажиллагаа явуулж байгаа Израилын талд НҮБ болон АНУ-ын Засгийн газар, бусад олон улс орон шахалт үзүүлсний үр дүнд Газын зурваст тус улсын арми 11 дүгээр сарын 9-ний пүрэв гаргаас эхлэн өдөр бүр 4 цагийн хугацаанд гал зогсоох болов. Израилын тал

__Өдөр бүр Газын зурвасын хойд хэсгийн бүс нутагт 4 цаг гал зогсоох

__Гал зогсоохыг эхлэх цагийг гурван цагийн өмнө албан ёсоор мэдэгдэх үүрэг хүлээв.

Гал зогсоох үеэр Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх буюу байлдааны бүс нутгийг орхин гарах хоёр коридор ажиллуулах, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Барьцаалагдсан хүмүүсийг суллах, гэсэн гурван чухал үйл явц өрнөх боломж бүрдэх ажээ.