Аваргуудын лигийн хөлбөмбөг. 6 баг шөвгийн 16-д тоглох тасалбараа урьдчилан халааслав

0
321

 

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас өөрийн гишүүн орнуудын клубүүдийн дунд нэг оны намраас дараа оны хавар хүртэл жил бүр зохион явуулдаг Европ тивийн хамгийн Шилдэг багийг тодруулах тэмцээн нь Аваргуудын лиг. 2023-2024 оны хөлбөмбөгийн улирлын, 69 дэх удаагийн Аваргуудын лигийн Хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд 11 дүгээр сарын 8, 9-ний манайхаар лхагва, пүрэв гаргийн үүрээр боллоо.

Хэсгийн шатанд шилдэг 32 баг найман хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан хасагдах шатны 16-д шалгарахын төлөө өрсөлдөж байна. Багууд өөрийн талбайдаа болон зочилж, нийт зургаан тойрог тоглож дүнгээ гаргана. Найман хэсэгт тус бүрт эхний хоёр байрт шалгарсан, нийт 16 баг хасагдах плей-оффын шатанд шалгарч тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр тойргийн тоглолтын дараа буюу Хэсгийн шат өндөрлөхөөс хоёр тойрог дутуу байхад Английн Манчестер Сити, Германы Бавари М, Лейпциг, Испанийн Реал М, Реал Сосьедад, Италын Интер, зургаан баг үзүүлсэн амжилтаараа Хэсгийнхээ бусад гурван багаас оноо тасарч шөвгийн 16-д тоглох болзлоо урьдчилан биелүүлэв.

Шөвгийн 16-д шалгарах эрхийн бусад 10 суудлыг ямар багууд авах нь Хэсгийн шатны үлдсэн тав, зургадугаар тойргийн тоглолтуудаар эцэслэн шийдэгдэнэ. Хэсгийн шатны тавдугаар тойрог энэ 11 дүгээр сарын 28-29-нд, зургадугаар тойрог 12 дугаар сарын 12-13-нд болох хуваарьтай. Хэсэг тус бүрийн дөрвөн тойргийн дараах байдлыг танилцуулъя.

__A хэсэг: Бавари М (12 оноо, Герман) дөрөв дараалан хожиж шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Копенгаген (4 оноо, Дани), Галатасарай (4 оноо, Турк), Манчестер Юнайтед (3 оноо, Англи)

__B хэсэг: Арсенал (9 оноо, Англи), Эйндховен (5 оноо, Нидерланд), Ланс (5 оноо, Франц), Севилья (2 оноо, Испани)

__C хэсэг: Реал М (12 оноо, Испани) дөрөв дараалан хожиж шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Наполи (7 оноо, Итал), Брага (3 оноо, Португал), Унион (1 оноо, Герман)

__D хэсэг: Интер (10 оноо, Итал) гурав хожиж, нэг тэнцэж шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Реал Сосьедад (10 оноо, Испани) гурав хожиж, нэг тэнцэж шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Зальцбург (3 оноо, Австри), Бенфика (0 оноо, Португал)

__E хэсэг: Атлетико М (8 оноо, Испани), Лацио (7 оноо, Итал), Фейеноорд (6 оноо, Нидерланд), Селтик (1 оноо, Шотланд)

__F хэсэг: Борусси Д (7 оноо, Герман), ПСЖ (6 оноо, Франц), Милан (5 оноо, Итал), Ньюкасл (4 оноо, Англи)

__G хэсэг: Манчестер Сити (12 оноо, Англи) дөрөв дараалан хожиж шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Лейпциг (9 оноо, Герман) гурав хожиж, нэг хожигдож шөвгийн 16-д тоглох эрхийн тасалбараа урьдчилан авлаа. Янг Бойз (1 оноо, Швейцар), Црвена Звезда (1 оноо, Серби)

__H хэсэг: Барселона (9 оноо, Испани), Порту (9 оноо, Португал), Шахтер Д (6 оноо, Украин), Антверпен (0 оноо, Бельги).

Аваргуудын лигийн Хэсгийн шат ирэх арванхоёрдугаар сарын дундуур өндөрлөж хасагдах плей-оффын шатанд шалгарсан шилдэг 16 багийн нэр бүгд тодорно. Хасагдах плей-оффын 8/1, 4/1 шат, хагас шигшээгийн тоглолтууд ирэх 2024 оны хавар дараалан болно.

Финалд шалгарсан хоёр баг Аваргуудын лигийн Аварга цол, Цомын төлөө 2024 оны зургадугаар сарын 1-нд Английн нийслэл Лондон хотноо алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд тоглоно.