Нээлт нь 400 мянган хүнтэй “Парис 2024”-д одоогоор манайх 1 шүүгч, 6 тамирчин оролцох эрх авсан

0
696

Зуны XXXIII олимпийн наадам “Парис 2024” ирэх 2024 оны 7 дугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд Франц улсын нийслэл Парис хотноо болно.

Зохион байгуулагч Францууд “Парис 2024” олимпын нээлтийн ёслолыг цэнгэлдэхэд хийдэг уламжлалаас татгалзаж ил задгай Сена мөрний эрэг дээр олон зуун мянган хүнийг оролцуулж хийхээр төлөвлөсөн. Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дармин нээлтийн ёслолын талаар 2022 оны намар мэдэгдэхдээ 600 мянган үзэгч оролцох боломжтой гэж хэлж байв. Харин Францын Засгийн газар түүнээс хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд оролцогчдын тоог нарийвчлан бодитой тогтоох судалгаа тооцоолол явуулж дээр дурдсанаас цөөрүүлж 400 мянга гэж өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Спортын сайд Амели Удеа-Кастерийн хэлснээр бол ирэх 11 дүгээр сард болох тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Э.Макрон уг тоог эцэслэн баталж ёсчлох ажээ.

Нээлтийн ёслолд оролцогчдод зориулсан Сена мөрний дээд эргийн далангийн дагуух 300 мянган үзэгчийн тасалбар бүгд зарагдаж эзэнтэй болсон, харин доод далангийн дагуух 100 үзэгчийн суудлын тасалбарыг Францын Дотоод явдлын яам хариуцаж ирэх 2024 оны нэгдүгээр сараас эхлэн хуваарилан борлуулах үүрэг хүлээжээ.

Зуны “Парис 2024” олимпын наадамд таван тивийн 200 гаруй орны шилдгийн шилдэг баг тамирчид тус наадмын хөтөлбөр дэх спортын 329 багц алт, мөнгө, хүрэл медалийн төлөө уралдаан тэмцээнд оролцож допинггүй шударгаар өрсөлдөнө. Гэхдээ баг, тамирчид Олимпод оролцох эрхээ урьдчилан авсан байх ёстой.

Олимпын эрхийг, Улсаа төлөөлж бас дээр нь давхар өөрөө оролцох эрх авсан, Улсаа төлөөлж хэн нэгэн тамирчин оролцох эрх авсан гэж хоёр ангилдаг. Хоёрт яригдсанд хамааруулж хэлэхэд болзол хангасан тамирчин заавал өөрөө оролцоно гэсэн журам үгүй, бэлтгэлжилт дутуу зэрэг бусад шалтгаанаар түүнээс илүү амжилт гаргах тамирчин сонгогдож Олимпыг зорьж болно гэсэн үг. Мөн Олимпын дэвжээнд уралдаан тэмцээнийг дэнслэх шилдэг сайн шүүгч нь Олон улсын олимпын хороо ОУОХ-ны салбар хороодоос нэр зааж сонгогддог дүрэмтэй.

Одоогоор манай улсын, “Парис 2024”-ыг зорих эрхийн “бичиг” нийтдээ долоо болоод байна. Цаашид олимпын наадам эхлэх дараа жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд удаа дараа зохиогдох олимпын эрх авах олон тэмцээнд манайхан, ялангуяа топ төрөл: чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийн өргөлт, 3х3 сагсан бөмбөг, марафон гүйлтийн баг тамирчид амжилттай оролцож эрхийн “бичиг” авах нь мэдээж билээ. Баталгаатай эрхийн “бичиг”-ийн талаар уншигчдадаа танилцуулъя.

__Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл. Зуны “Токио 2020” олимпын наадамд шүүгчээр ажиллаж байсан, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа тэрбээр “Парис 2024”-д туйванчдын тэмцээнийг шүүхээр энэ намар урьдчилан сонгогдсон.

__Эмэгтэй бокс, 50 кг-ын жингийн тамирчин О.Есүгэн. Намар болсон Азийн зуны спортын “Ханжеү 2022” наадмын боксын эмэгтэйчүүдийн төрлийн 50 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, энэ амжилтаараа “Парис 2024” олимпод улсаа төлөөлж биечлэн өөрөө оролцох эрх авсан.

__Байт харвааны тамирчин Б.Отгонболд. Намар болсон Азийн зуны спортын “Ханжеү 2022” наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан “Recurve men singles” төрөлд түрүүлж аваргын алтан медаль хүртэн Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулсан тэрбээр энэ амжилтаараа “Парис 2024” олимпод улсаа төлөөлж биечлэн өөрөө оролцох эрх авсан. Монголын тамирчдаас хамгийн анхны Дэлхийн аварга цолыг байт харвааны алдарт эмэгтэй тамирчин Д.Дэмбэрэл тавин хоёр жилийн тэртээ 1971 онд хүртэж байсан бол Б.Отгонболдын алтан медаль нь Азийн наадмын байт харвааны төрлөөс хамгийн анх авсан медаль гэж түүхэнд бичигдсэн.

__Үндэсний шигшээ багийн тамирчин, дугуйчин С.Жамбалжамц. Олимпын эрх олгох, 2022 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сард бүтэн жилийн хугацаанд зохиогдсон цуврал тэмцээнд амжилттай оролцож, Азийн зуны спортын “Ханжеү 2022” наадмаас хүрэл медаль хүртэж, тив дэлхийн засмал замын уралдааны шилдэг дугуйчдаас 29 дүгээр байрт /1367 оноогоор/ бичигдсэн үзүүлэлтээрээ “Парис 2024” олимпод улсаа төлөөлж биечлэн өөрөө оролцох эрх авсан. Олимпын засмал замын уралдааны энэ төрөлд нийт 95 дугуйчин уралдана. Тэрбээр өнөөдөр Ази тивдээ чансааны хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Олимпын наадамд урилгын “цагаан хуудас”-аар бус албан ёсны эрхийн болзол хангаж зуны олимпыг зорьж буй Монголын анхны дугуйчин. Үүнээс өмнө манай дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпод норматив болзол хангаж бус хөнгөлөлтийн “цагаан хуудас”-аар оролцож байв.

__Эмэгтэй чөлөөт бөх, 50 кг-ын жингийн тамирчин. Намар есдүгээр сард Европын Серби улсын нийслэлд болсон чөлөөт бөхийн “Белград 2023” ДАШТ-ий эмэгтэй 50 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал гайхалтай сайн барилдаж дэлхийд үзүүрлэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Тэрбээр энэ амжилтаараа тухайн жинд “Парис 2024” олимпод улсаа төлөөлж нэг тамирчин оролцох эрхийг эх орондоо авчирсан. Нэгэнт манай улсын төлөөлөл оролцох эрх учраас түүнийг эсвэл өөр бөх сонгож Парис руу явуулах эсэхийг тухайн үед Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар эцэслэн шийднэ.

__Эмэгтэй чөлөөт бөх, 68 кг-ын жингийн тамирчин. Намар есдүгээр сард Европын Серби улсын нийслэлд болсон чөлөөт бөхийн “Белград 2023” ДАШТ-ий эмэгтэй 68 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн шилдэг бөх, олон улсын хэмжээний мастер тамирчин Э.Дэлгэрмаа амжилттай барилдаж дэлхийд үзүүрлэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Тэрбээр энэ амжилтаараа тухайн жинд “Парис 2024” олимпод улсаа төлөөлж нэг тамирчин оролцох эрхийг эх орондоо авчирсан. Нэгэнт манай улсын төлөөлөл оролцох эрх учраас түүнийг эсвэл өөр бөх сонгож Парис руу явуулах эсэхийг тухайн үед Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар эцэслэн шийднэ.

__Эрэгтэй чөлөөт бөх, 65 кг-ын жингийн тамирчин. Намар болсон Азийн зуны спортын “Ханжеү 2022” наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай шилдэг бөх Т.Тулга түрүүлж аваргын алтан медаль хүртэн Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулсан. Тэрбээр энэ амжилтаараа тухайн жинд “Парис 2024” олимпод улсаа төлөөлж нэг тамирчин оролцох эрхийг эх орондоо авчирсан. Т.Тулга нь Азийн наадмаас алтан медалиар энгэрээ мялаасан манай тамирчдын жагсаалтын 26-д, чөлөөт бөхийн спортын төрөлд 12-д бичигдсэн. Нэгэнт манай улсын төлөөлөл оролцох эрх учраас түүнийг эсвэл өөр бөх сонгож Парис руу явуулах эсэхийг тухайн үед Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар эцэслэн шийднэ.

Ташрамд сонирхуулахад, Францын нийслэл Парист өмнө нь хоёр удаа 1900, 1924 онд зуны олимп зохион байгуулагдаж байв. Гурав дахь удаагийн “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт Брейк бүжиг орсноороо өмнөх хоёроосоо онцлогтой. Олон улсын олимпын хороо ОУОХ-ноос 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд Брейк бүжгийг шинээр олимпын хөтөлбөрт нэмж оруулах шийдвэр гаргасан юм.