Чөлөөт бөх. Олимпын 12 эрхээс 2-ыг “Белград 2023” ДАШТ-ээс авлаа. Цаана нь 10…

0
513

 

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ДАШТ энэ есдүгээр сарын 16-наас 21-нд Европын Серби улсын нийслэл Белград хотноо болов. Өмнөх 2022 оны ДАШТ бас тус хотод болж байсан.

Чөлөөт бөхийн спортод ДАШТ-ий 10 жингийн, Олимпын хөтөлбөрт багтдаг 6 жингийн гэсэн хоёр өөр ангилал байдаг. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ДАШТ-д аваргын төлөө 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг гэсэн 10 жинд өрсөлддөг бол Олимпод тус арваас зөвхөн зургаан жин буюу 57, 65, 74, 86, 97, 125 кг-д зодоглодог. Түүнчлэн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ДАШТ-ий дэвжээнд нийт 10 жингийн ангилал 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд аваргын төлөө барилддаг бол Олимпын наадамд зөвхөн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн зургаан жинд өрсөлддөг дүрэмтэй.

Дээр дурдсан дүрэм журамтай уялдуулж энэ удаагийн ДАШТ-ээс Олимпын хөтөлбөрт багтдаг эмэгтэй 6, эрэгтэй 6, нийт 12 жинд амжилттай барилдсан бөхчүүдэд ирэх жилийн “Парис 2024”-т оролцох олимпын эрх өглөө. Бусад эрэгтэй, эмэгтэй 4+4, найман жин нь, нэгэнт Олимпын ангиллынх биш учраас түрүүлсэн, медаль хүртсэн бөхчүүдэд олимпын эрх өгөөгүй.

“Белград 2023” ДАШТ-ээс олимпын гэгддэг эрэгтэй 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62, 68, 76 кг жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медальт /2/, тавдугаар байр эзэлсэн, нийт 5 бөх ирэх оны “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхийг өөрсдийн эх орондоо авчирлаа. Өөрөөр хэлбэл эхний таван байруудад шалгарсан эрэгтэй 30 бөх, эмэгтэй 30 бөх Парисын олимпод оролцох эрх авсан гэсэн үг. Гэхдээ энэ эрхийг авсан бөх өөрөө заавал улсаа төлөөлж олимпод зодоглох албагүй. Хэрвээ бэртэл гэмтэл, бэлтгэлжилтээс хамаарч олимп эхлэн цагаар шигшээ багтаа №1 байж чадахгүй нөхцөлд оронд нь өөр бөх Олимпыг зорьж болно. Ер нь тухайн жинд улсаа төлөөлөн хэн нэгэн бөх Олимпын наадамд оролцож барилдах эрх олгогджээ гэж ойлгож болно.

Манай улс бүтэн багаараа, эрэгтэй эмэгтэй нийт 20 жинд оролцлоо. Эрэгтэй шигшээ багийн 10 бөх тун тааруу барилдаж ДАШТ-ээс медаль, Олимпын эрх авч чадсангүй. Харин эмэгтэй шигшээ багийн 10 жингийн бөхчүүдээс гурав нь ДАШТ-ий финалд шалгарч мөнгөн медалиар энгэрээ мялааж Төрийн далбаагаа мандуулж элэг нэгт монголчуудаа баярлууллаа.

Олимпын хөтөлбөрт багтдаг 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ОУХМастер Э.Дэлгэрмаа нар дэлхийд үзүүрлэж мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ ирэх жилийн “Парис 2024” олимпын наадмын эрх авлаа. Мөн 72 кг-ын жинд зодоглосон ОУХМастер Э.Даваанасан бахтай сайхан барилдаж мөнгөн медаль хүртлээ. Харин түүний барилдсан жин нь Олимпын хөтөлбөрт ордоггүй учраас тэрбээр “Парис 2024” олимпын эрх аваагүй. Ташрамд Белградын ДАШТ-ээс “Парис 2024” олимпын эрх авсан улс орныг танилцуулъя.

_________“Парис-2024” олимпын 30 эрх (эмэгтэй чөлөөт бөх)

50 кг: Япон, Монгол, АНУ, Хятад, Турк

53 кг: Япон, Беларусь, Эквадор, Энэтхэг, Швед

57 кг: Япон, Молдав, Нигер, АНУ, Польш

62 кг: Япон, Кыргызстан, Норвеги, Украин, Герман

68 кг: Монгол, Турк, Франц, Молдав, Япон

76 кг: Япон, Кыргызстан, Колумби, АНУ, Куба.

Олимпын 30 эрхийг 19 орны төлөөлөл хувааж авлаа. Үүнд: манай улс 2, Япон 6, АНУ 3, Турк, Кыргызстан, Молдав тус бүр 2, Франц, Хятад, Энэтхэг, Украин, Беларусь, Эквадор, Швед, Нигер, Польш, Норвеги, Герман, Колумба, Куба тус бүр 1 эрх авлаа.

_________“Парис-2024” олимпын 30 эрх (эрэгтэй чөлөөт бөх)

57 кг: Серби, Япон, Армен, Албани, Орос

65 кг: Унгар, Пуэрто-Рико, Армен, Орос, Иран

74 кг: Орос, АНУ, Япон, Серби, Грек

86 кг: АНУ, Иран, Казахстан, Сан-Марино, Узбекстан

97 кг: Бахрейн, Азербайжан, АНУ, Гүрж, Турк

125 кг: Иран, Гүрж, Турк, АНУ, Орос.

Олимпын 30 эрхийг 18 орны төлөөлөл хувааж авлаа. Үүнд: АНУ, Орос тус бүр 4, Иран 3, Армен, Япон, Гүрж, Серби, Турк тус бүр 2, Бахрейн, Грек, Гүрж, Унгар, Сан-Марино, Албани, Пуэрто-Рико, Казахстан, Узбекстан, Азербайжан тус бүр 1 эрх авлаа.

Манай улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас “Парис 2024” олимпын наадмын эхний хоёр эрхийг Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар маань ДАШТ-ээс эх орондоо авчирлаа. Одоо дараа жилийн зун долдугаар сарын 26-нд “Парис 2024” эхлэх хүртэлх хугацаанд бусад эрэгтэй 6, эмэгтэй 4 жингийн ангилалд олимпын эрх авах хүндхэн атлаа нэр төртэй даалгавар шигшээ багийн тамирчин бөхчүүдэд ногдлоо.