Олон улсын тодотголтой, манай 5 баярын нэг нь Бурхан багшийн Их дүйчин өдөр

Манай улсын иргэд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулиар жил бүр нийт есөн том баярыг нийтээр амарч тэмдэглэдэг. Эдгээр есөөс дөрөв нь манай улсын 3,4 сая хүн ардад хамааралтай баяр. Үүнд,
__ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15
__ Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
__ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
__ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
Харин бусад тав нь олон улсын хэмжээнд тэмдэглэдэг баярын жагсаалтад ордог баяр юм. Өөрөөр хэлбэл, бидний хувьд даяаршсан Дэлхийн хүнтөрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж яваагийн тод жишээ болж буй. Үүнд,
__ Шинэ жил: 1 дүгээр сарын 1
__ Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
__ Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
__ Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
__ Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
Энэ жилийн тухайд Бурхан багшийн Мэндэлсэн, Гэгээрсэн, Тэнгэрт дэвшсэн гурван онцгой давхцалтай гэгддэг Их дүйчин өдөр нь зургадугаар сарын 4-ний ням гарагт тохиож байна. УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сард Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутамад зориулсан Их дүйчин өдрийг жил бүр Билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тэмдэглэхээр хуульчилсан. Будда нь санскритаар “гэгээрсэн”, Бурхан нь арабаар “нотолгоо” гэсэн үг. Ташрамд хэлэхэд Бурхан багшийн төрсөн, нас барсан өдөр нь байтугай он нь ч тодорхойгүй. Түүхчид түүнийг ойролцоогоор МТӨ 536-аас 483 онд амьдарч байсан гэж үздэг.
Гэвч Харин Шри-Ланк улсад 1950 онд хуралдсан Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаас Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг “хорвоод мэндэлсэн, 37 насандаа гэгээрсэн, 81-тэйдээ нас барсан” гурван огноо давхацсан Их дүйчин өдөр гэж тунхаглажээ. Үүнээс хойш Бурхан багшийн Их дүйчин өдөр гэдэг ойлголт бий болж олон улсын хэмжээнд тус өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Манайд Их дүйчин өдрийг 2020 оноос эхлэн энэ жил дөрөв дэх удаа тэмдэглэж байна.