130 түмэн монгол хүүхэд 50 орны үе тэнгийнхэнтэй нэг өдөр баяраа тэмдэглэв

0
96

 

Монгол Улсад Хүүхдийн баярыг албан ёсоор 1952 оноос хойш 72 дахь удаа энэ зургадугаар сарын 1-нд тэмдэглэлээ. Манайхаас гадна ОХУ, Украин, Португал, Ирланд тэргүүтэй 50 орон уламжлалынхаа дагуу мөн энэ өдөр Хүүхдийн баярыг тэмдэглэв. 

Манайд бүх нийтээр амарч тэмдэглэх, Шинэ жил, Наадам, Цагаан сар гэх мэт нийт есөн баярын өдрийн нэг нь зургадугаар сарын 1-ний Хүүхдийн баяр. Өнөөдөр туурга тусгаар оршин тогтнож байгаа дэлхийн 50 гаруй улс хүүхэд багачуудаа баярлуулах, эрхийг нь хамгаалах өдрөөр 6 дугаар сарын 1-нийг яагаад сонгосон юм бол?

Дэлхийн II дайны үе буюу 1940-өөд онд Францын нийслэл Парис хотноо байрлаж хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байсан Women’s International Democratic Federation гэдэг байгууллага өөрийн ажлын хүрээнд жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг байжээ. Дэлхийн II дайн дууссаны дараа Германы зүүн Берлин рүү нүүж тэнд суурьшсан тус Women’s International Democratic Federation нь 1949 онд манай хойд хөршийн нийслэл Москва хотноо олон улсын төлөөлөгчдийн ирцтэйгээр Их хурлаа хийх үеэрээ Хүүхдийн баярыг дэлхий даяар 6 дугаар сарын 1-нд тэмдэглэх уриалга гаргасан байна. Энэ уриалгаас үүдэж Зүүн Европын болон Ази, Африкийн олон улс орон Хүүхдийн баярын өдрөөр 6 дугаар сарын 1-нийг сонгосон нь  энэ цаг дор хүртэл уламжлал болон хадгалагджээ.

Бидний монголчууд “Үр ачаа танихгүй өнөр, Үрээ даагаа танихгүй баян” болж яваа ард түмэн. Манай улсын 0-17 насны хүүхэд багачууд маань өнөөдрийн байдлаар 1.3 сая буюу 130 түм болжээ. Хүүхдүүдийн маань 665600 нь хөвгүүд, 634400 нь охид.

Ташрамд сонирхуулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцахаар эрхэм гишүүдийн урилгаар Төрийн ордоны Нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн сурагчдад хандаж “Сурах чиглэлийг  эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” хэмээн сургаал үг хэлдэг. Энэ сургаалыг жанжин Д.Сүхбаатар зуугаад жилийн тэртээ хэлсэн бөгөөд Г.Занданшатар дарга эш татаж байгаа ажээ.