Хөлбөмбөг. Евролигийн финалд 7 удаа шалгарсан Севилья 7 дахиа хожиж түрүүлэв

0
173

Европын хөлбөмбөгийн клубүүдийн дунд жил бүр зохион явуулдаг хамгийн нэр хүндтэй хоёр тэмцээний нэг Евролигийн аваргын төлөөх финалын тоглолт манайхаар зургадугаар сарын 1-ний үүрээр Унгар улсын нийслэл Будапешт хотноо “Френц Пушкаш” цэнгэлдэхэд болов.

Финалын тоглолтод Испанийн Севилья-Италын Рома багууд өрсөлдөж үндсэн 90, шүүгчийн мэдлийн нэмэлт 30, нийт 120 минутын хугацаанд 1:1-ээр тэнцсэн. Ялагчийг дүрмийн дагуу торгуулийн 11 метрийн цохилтоор тодруулахад Испанийн багийн тоглогчид цохилтоо амжилттай гүйцэтгэж Италын багийг 4:1-ээр илүүрхэж хожил байгуулав.

Севилья-Рома 1:1 /4:1/ тоглолтын үндсэн цагт хийсэн хоёр гоолын эзэд нь хоёулаа Италын багийн тоглогчид байв. Тоглолтын 35 минутад Ромагийн довтлогч Дибала төвийн хамгаалагч Манчинигийн дамжуулалтаар гоолдож багтаа 1:0-ийн тэргүүллийг авчирсан. Гэвч гоолын дамжуулалт өгсөн хамгаалагч Манчини 55 дахь минутад өөрийн хаалгандаа автогоол оруулж тоог 1:1 болгон тэнцүүлсэн. Нэмж гоол ороогүй тул ерөнхий шүүгч торгуулийн 11-ийн цохилтоор ялагчийг тодруулахад Севильягийн довтлогч Лукас, хагас хамгаалагч Ламела, Ракитич, хамгаалагч Монтиель нар дөрвүүлээ алдалгүй гоолдож, харин Ромагийн хамгаалагч Манчини, Рожер нар цохилтыг алдаж гоол хийж чадсангүй. Тус багаас хагас хамгаалагч Кристанте л ганцаараа амжилтай цохиж гоол оруулсан.

Ташрамд онцлоход Италын Рома багийн одоогийн дасгалжуулагч, португал мэргэжилтэн Жозе Моуриньо нь Европын цомын финалд урьд нь дасгалжуулсан багтайгаа таван удаа шалгарахдаа огт хожигдолгүй таван удаа түрүүлж байсан бол Испанийн Севилья баг өмнө нь Евролигийн финалд 2006, 2007, 2014, 2015, 2016, 2020 онд нийт зургаан удаа шалгарч, тухай бүртээ өрсөлдөгчөө  хожин Цом өргөн түрүүлж байв.

Өнөөдрийн Севилья-Рома тоглолтоос ганцхан нь ялагч болох учраас энд яригдаж буй хоёр дээд амжилтын цувралын нэг нь үргэлжилж, нэг нь таслагдах ёстой байсан.  Жозе Моуриньо нь Португалийн “Порту” багтай Евролиг (2003 он), Аваргуудын лиг (2004 он), Италын “Интер” багтай Аваргуудын лиг ​​(2010 он), Английн “Манчестер Юнайтед” багтай Евролиг (2017 он), “Конференцийн лиг”-т ​​(2022 он) тус тус түрүүлсэн.

Эцэст нь дасгалжуулагч Жозе Моуриньогийн дээд амжилтын цуврал таслагдаж Испанийн багийн дээд амжилтын цуврал үргэлжилж Евролигийн финалд долоо дахь удаа шалгарч долоон дахь Цом хүртэж түрүүлсэн амжилт гаргалаа.