Сонгуулийн холимог тогтолцоо бол “алганд багтсан” Үндсэн хууль

УИХ-ын баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн хорьдугаар зүйлийн 1 дэх “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэснийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчиллөө.
Үр дүнд нь Ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталтлах тангараг өргөсөн УИХ-ын гишүүдийн тоо 126 болж 1992-2024 оны парламентын гишүүдийн нийт тооноос 50-иар нэмэгдэх болов. Үүнийг энгийнээр тайлбарлавал 2024 оноос УИХ-ын гишүүдийн ажлын байр нэмэгдэж байгаа үйл явдал.
Харин УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна гэж заасан нь манай парламентын сонгуулийн тогтолцоог 180 хэмээр эерэг тал руу нь өөрчилсөн үйл явдал болов. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн эх зохиогч Б.Чимид гуай Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Улс юм хэмээн ач холбогдлыг нь агшааж томьёолжээ. Тэгвэл Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт-холимог тогтолцоо бол ач холбогдлын үнэлэмжээрээ “алганд багтсан” Үндсэн хууль болж таарна.
Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой уялдуулан зохицуулж УИХ-аас ойрын хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөжээ. Эрхэм гишүүдийн дунд тус хуульд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “олныг төлөөлөх” 78 гишүүн нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тус бүр 2-3 мандат бүхий томсгосон 29 тойргоос мажоритороор шууд сонгогдох заалт оруулах тухай яриа өрнөж байгаа гэнэ. Үндэслэл нь өмнөх 2020 оны сонгуулийн тойрог, мандатыг тохируулсан зарчим дээр суурилж байгаа бөгөөд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нэг мандат нэмэгдэх ажээ.
Эрхэм уншигч та бүхэнд зураг дээрээс хөдөө орон нутгийн 21 аймгийн УИХ-ын сонгуулийн тойрог болон мандатын тоо ойлгогдох байх. Харин Улаанбаатар хотынхыг нэрлэж танилцуулъя.
Баянзүрх дүүрэг – хоёр тойрог, шинэ хуулиар 1 нэмэгдэж нийт 6 мандат
Сонгинохайрхан дүүрэг – хоёр тойрог, шинэ хуулиар 1 нэмэгдэж нийт 6 мандат
Багахангай, Багануур, Налайх дүүрэг – нэг тойрог, 2 мандат
Баянгол дүүрэг – нэг тойрог, 3 мандат
Сүхбаатар дүүрэг – нэг тойрог, 3 мандат
Хан-Уул дүүрэг – нэг тойрог, 3 мандат
Чингэлтэй дүүрэг – нэг тойрог, 3 мандат.
Улаанбаатар хотын сонгуулийн насны иргэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар нийт 24 улстөрчийг сонгож өөрсдийгөө төлөөлүүлэхээр парламентын гишүүн болгож байсан бол ирэх 2024 оны сонгуулиар 26 эрхмийг төрийн түшээгээр сонгох нь. Энэ бол баталгаатай тоо. Харин жагсаалтаар сонгогдох 48 гишүүний хэд нь нийслэл хотын харьяат нэр дэвшигч байх, тэдгээр 48-ыг парламентад орж ирэхэд нийслэлчүүдийн өгсөн санал нь нийт саналд хэдий хэрийн жин дарсан нөлөөлөлтэй байх гэх мэтийг баталгаатай хэлэх боломжгүй. Гагцхүү Магадлалын онолын томьёогоор бодож байж “замын зураг”-ийг урьдчилан багцаалж харах боломжтой.
Эх сурвалж: aguulga.mn