Монголын үрс маш олон болсныг Ерөнхийлөгч зарлиг буулган зарлан тунхаглаж байна

0
95

Жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1” гэж заасан. Урьд он жилүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын наймныг тохиолдуулан манай Төр засгаас Монголын үрс маш олон болж байгааг зарлан тунхаглаж Алдарт эхийн одонгоор ижий нарыг шагнадаг байсан. Сүүлийн он жилүүдэд Хүүхдийн баярыг тохиолдуулан шагнадаг уламжлал тогтоод байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн өдөр цагт Төрөөс нэгэн адил түвшний алдар цол, гавьяаны одон тэмдэг хүртэж байгаа эрхмүүдээс тодорхой тооны төлөөллийг сонгон Төрийн ордонд Есөн хөлт цагаан тугийн өмнө өөрөө биечлэн уг шагналыг гардуулдаг билээ.

Харин энэ 2023 оны тухайд Төрийн тэргүүн маань Алдарт эхийн I, II одонгоор энгэрээ мялааж байгаа эхчүүдийн “сугалааны” төлөөлөлд бус аль болох хүртээмжтэйгээр бүгдэд нь өөрөө гардуулахаар санал санаачилга гаргажээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд зарлиг буулгаж ижий нарт Алдарт эхийн одон гардуулах тэмдэглэлт үйл явдал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас эхлэн үргэлжилж байна. Дэлхий Нараа нэг бүтэн тойрсон 2022, 2023 оны 6 дугаар сарын 1-ний хооронд Монгол ижий нарт сугалаагаар бус хувь заяагаар бурхны бэлэг болон 4 дэх, 6 дахь үр нь болж мэндэлсэн нийт хүүхдийн тоо 10785.

Түүнчлэн бүтэн жилийн энэ хугацаанд Монголын үрс маш олон болж ижийдээ анхны, хоёр дахь, гурав дахь, тав дахь, долоо, найм,..дахь үр нь болж мэндэлсэн нялхас хэдэн түмээрээ тоологдож байна. Гагцхүү дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн ижийг Алдарт эхийн II, зургаа дахь хүүхдээ төрүүлсэн ижийг Алдарт эхийн I одонгоор шагнаж Монголын үрс маш олон болж байгааг жил бүр нийтэд зарлан тунхагладаг төрт ёсны журам дэгтэй билээ. Энэ удаагийн Хүүхдийн баяраар

__нийслэлийн есөн дүүргээс Алдарт эхийн I одонгоор 297, Алдарт эхийн II одонгоор 4399 ижий

__хорин нэгэн аймгаас Алдарт эхийн I одонгоор 471, Алдарт эхийн II одонгоор 5508 ижий

__хилийн чанадаас Алдарт эхийн I одонгоор 5, Алдарт эхийн II одонгоор 105 ижий шагнагдаж байна.

Ташрамд Хүүхдийн баяртай холбоотой баримт  ярья.

__1925 онд Швейцар улсын Женев хотноо анхны Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт болсон

__1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн 6 дугаар ссарын 1-нийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан

__1952 онд манай Төр засгаас “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гаргасан

__1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг буулгаж жил бүрийн 6 дугаар сарын 1-нд “Эх үрсийн баяр” тэмдэглэх болсон

__2003 оны тавдугаар сард С.Төмөр-Очир даргатай УИХ-аас “Эх үрсийн баяр”-ыг “Хүүхдийн баяр” болгон өөрчилсөн.