Франц зочин: Рубрук 1254 онд, Ерөнхий сайд Ширак 1975 онд Хархорумд, өнөөдөр Макрон УБ хотноо

0
56

 

Монгол-Францын дипломат харилцааны түүхэнд тус улсын Төрийн тэргүүн анх удаа манайд айлчилж буй онцгой үйл явдал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 20-ны ням гарагт дагалдан яваа 57 эрхмийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаар албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Даян дэлхийн амар амгаланг хариуцсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг нь Франц. Бусад дөрөв нь АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ. Тус зөвлөлийн гаргасан шийдвэр нь 100 хувийн саналаар буюу тавуулаа зөвшөөрсөн үед хүчин төгөлдөр болдог ба  нэг нь татгалзахад хүчинтэйд тооцогддоггүй. Дэлхий дээр хамтын шийдвэр гаргадаг хамгийн том эрх мэдэлтэй байгууллага.

Цөмийн зэвсэгтэй есөн улс гэж яригддаг ч Хойд Солонгос, Израил, Энэтхэг, Пакистанаас бусад, Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Франц, АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ нь албан ёсоор цөмийн зэвсэгтэй их гүрнүүд юм.

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас далайн цаадахь АНУ-ын Ерөнхийлөгч, хойд урд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Төрийн тэргүүнүүд манайд урьд өмнө нь айлчилсан. 

Францын ерөнхийлөгчийн Елисейн ордоноос гаргасан албан мэдээлэлд “Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол сонгууль явуулдаг либерал засаглалын загвартай, хоёр том хөрштэйгээ илүү найдвартай, илүү сайн нөхцөлд хамтран ажиллахын тулд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг орон юм” гээд “Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувь нь нүүрснээс хамааралтай, ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотойгоор хоёр талын түвшинд Хамтран ажиллах томоохон боломж бий” гэж Францын эрх баригчид үзэж байгааг дурдсан. Мөн “Францын Ерөнхийлөгч XIII зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны музейг үзэж сонирхоно” гэж мэдээлж байлаа.

Өрнө зүгийн орнуудаас Их эзэн Чингис хаан болон түүний байгуулсан Монголын эзэнт гүрний талаар илүү ихийг мэдэхийг хүсч Хархорум нийслэлийг зорин ирсэн эрхмүүдээс Францын Гильом де Рубрук ламтны нэр алдар ихэд алдаршсан. Францын ван IX Людвик түүнийг дагалдах нөхдийнх нь хамт тусгай элчээр 1253 онд илгээсэн байдаг. Загалмайн шашны лам Рубрук 1253 оны эцсээр эзэнт гүрний хилийн дээс алхаж, 1254 оны дөрөвдүгээр сард нийслэл Хархорум хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр 1253-1255 онд Монголын эзэнт гүрэнд хийсэн аяллынхаа тухай тайланг нутагтаа буцаж ирснийхээ хойтон жил дуусгаж ван IX Людвикт өргөн барьжээ. Энэ тайлан-тэмдэглэл нь хожмоо Дорно дахины түүхийн чухал эх сурвалжийн нэг болон мөнхөрсөн. Рубрукийн тайлан-тэмдэглэлийг хамгийн анхлан 1600 онд ном болгон гаргажээ. Түүнээс хойш Европын олон хэлээр удаа дараа хэвлэгдсэн. Харин монгол хэлнээ хамгийн анх 1988 онд, италын Плано Карпинигийн аян замын тэмдэглэлтэй хамт “Гильом де Рубрук. Дорно этгээдэд зорчсон минь” нэртэйгээр уншигчдад хүрсэн. Уг бүтээлийг Б.Энхбаяр, Ч.Дашдаваа, С.Идшинноров нар оросоос орчуулж философийн нэрт эрдэмтэн Ү.Нямдорж гуай редакторлосон. 

Рубрукийн бүтээлээр улбаалан Монголын эзэнт гүрэн, түүний нийслэл Хархорумын тухай онцгойлон сонирхох болсон франц эрхмүүдийн нэг нь Францын Ерөнхий сайдаар 1974-1976 онд, Ерөнхийлөгчөөр 1995-2007 онд ажиллаж байсан нэртэй улстөрч Жак Ширак юм. Тэрбээр 1975 оны гуравдугаар сард тус улсын Ерөнхий сайдын хувьд манай хойд хөрш Орост албан ёсны айлчлал хийх үеэрээ тэдний талд санал тавьж тусгай нисдэг тэргээр Хархорумд ирж сонирхоод буцсан байдаг.

Хүндэт зочин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн 2022 оны аравдугаар сард үүд хаалгаа нээсэн, Хаадын хаан эзэн Чингисээр алдраар овоглосон “Чингис хаан” музей, тус музейн эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүхэн дурсгалын тусгай тасалгаанд дагалдан яваа эрхмүүдийнхээ хамт зочлох айлчлалын хөтөлбөртэй.