Улсаа 50 мандаттай 1 тойрог, бас нийт 76 мандаттай олон тойрог болгов

УИХ-ын тавдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.
Нэгдсэн хуралдаанаар төслийн “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн эхний хувилбар гишүүдийн дэмжлэг авсангүй уналаа. Энэ нь төрийн түшээд шууд унагаж байгаа үйлдэл бус, гагцхүү төрийн түшээд тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тойрогтоо ажиллаж тус хувилбарыг зөвшөөрөх талаар иргэд сонгогчдодоо тавьсан асуултын хариу буюу “Үгүй” гэсэн гэсний тусгал гэж ойлгож болно. Хэдийгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүд 57-оос цөөнгүй ирцтэйгээр хийх дархан эрхтэй ч Тангараг өргөсөн ард түмний элч учраас иргэд сонгогчдын саналыг заавал асууж хариултыг нь бага ч болов нийцүүлэх ёстой.
Эцэст нь УИХ-ын эрхэм гишүүд баасан гаргийн нэгдсэн хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар иргэд сонгогчдоосоо шинээр асуух томьёоллыг гаргалаа. Энэ нь ойлгомжтой хэлбэрээр бол,
_УИХ нэг танхимтай
_Нийт 126 гишүүнтэй
_76 гишүүнийг сонгуулийн тойргоос уламжлалт мажоритараар шууд сонгоно
_Монгол Улсыг сонгуулийн нэг тойрог болгоод эндээс 50 гишүүнийг жагсаалтаар сонгоно гэсэн агуулгатай.
Харин албан ёсны томьёоллоороо бол “УИХ нэг танхимтай байх ба 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гэсэн үг өгүүлбэртэй.
УИХ-ын гишүүд ойрын үед сонгогдсон тойрогтоо ажиллаж дээр дурдсан томьёоллоор Үндсэн хуульд нэмэлт оруулахыг зөвшөөрөх эсэхийг иргэд сонгогчдоосоо асууж тандах юм.
Хэрвээ иргэд сонгогчдын олон нь эрхэм гишүүдийн яах вэ гэхэд зөвшөөрч “За” гэж хариулбал ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар тойргуудаас /томсгосон, багасгасан/ уламжлалт мажоритораар сонгогчдын саналаар 76 гишүүн шууд сонгогдох. Мөн дээр нь Улсаа сонгуулийн нэг тойрог болгосноор, өөрөөр хэлбэл нийт 2,1 сая сонгогч саналын хуудсанд бичигдсэн 37 нам тус бүрийн 50, нийт 1850 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан 50 нь УИХ-д сонгогдох “замын зураг” зурагдаж “ТЭЗҮ” бэлэн болно.
Ташрамд онцлоход, ард иргэдийн “За”-гийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт оруулах гуравдугаар хэлэлцүүлэг болно. Хууль батлах дархан эрхтэй одоогийн 73 гишүүн 57-гоос цөөнгүй ирцтэйгээр эцэслэн шийднэ.