Хөлбөмбөг. Ман Сити баг хожих магадлал нь 50:50 байдаг ганцхан тоглолттой финалд шалгарав

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн 68 дахь тэмцээний финалд Английн Манчестер Сити баг шалгарлаа. Хагас шигшээгийн хариу тоглолтод /манайхаар V.18-ны өглөө/ талбайдаа Испанийн эзэн хааны баг Реал М-ыг 4:0-ээр бут ниргэв. Эхний тоглолтод Испанийн багтай Мадрид хотноо 1:1-ээр тэнцсэн Манчестер Сити нийлбэр дүнгээр /5:1/ ялагч болж Аваргуудын лигийн Цомын төлөө өрсөлдөх эрх авлаа. Финалд аваргын төлөө тоглох өрсөлдөгч баг нь Италын Милан хотын Интер баг юм.
Өнгөрсөн жилийн түрүү, түүхэндээ Аваргуудын лигийн Цомыг 14 өргөсөн Реал М-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан тоглогчид Английн багийн эсрэг юу ч хийж чадсангүй. Манчестер Ситигийнхэн тоглолтын туршид илт давамгайлж нэгдүгээр үед хагас хамгаалагч Бернардугийн 23, 37 минутад оруулсан гоолоор 2:0-ээр хошуучилж, улмаар хоёр дахь үед тоглолтын 76 дахь минутад Реал М-ын хамгаалагч Милитао өөрийн хаалгандаа автогоол хийж тоог 3:0, төгсгөлийн 90 дэх минутад довтлогч Альварес гоолдож үр дүнг 4:0 болгон өндөрлүүлж хөлбөмбөгийн шинжээч сонирхогчдод “бут ниргэв” гэсэн үг хэллэг хэрэглэх нөхцөлд хүргэв. Реал М-ын талаас сайнаар тэмдэглэх ганцхан агшин нь хагас хамгаалагч Кроосын цохьсон бөмбөг /35 мин/ хөндлөвч оносон тохиолдол байсан.
Английн Манчестер Сити баг түүхэндээ Аваргуудын лигийн тэмцээний финалд ийнхүү хоёр дахь удаа шалгарав. Тус баг 2021 онд анх удаа финалд шалгарсан ч нутаг нэгт Лондон хотын баг Челсид хожигдон Цом өргөж чадаагүй. Өнөө жил Аваргын Цом өргөх хоёр дахь оролдлогоо хийнэ.
Аваргуудын лигийн тэмцээний хасагдах плей-оффын шатанд оноолт таарсан багууд хоорондоо хоёр удаа, талбайдаа болон зочилж тоглон нийлбэр дүнгээр ялагч болдог учраас “даагаа нэхэх” боломжтой. Харин финалд шалгарсан хоёр багийн ялагч нь ганцхан тоглолтоор тодорч Цом хүртдэг учраас хөлбөмбөгийн мэргэжлийн шинжээчид хожих хожигдох магадлалыг үргэлж 50:50 гэж үздэг. Гагцхүү Бооцооны конторууд болон хөлбөмбөг сонирхогчид, багуудын хөгжөөн дэмжигчид өөрсдийн үзэмжээр 60:40, 49:51, 55:45 гэх мэтийн савлагаатай магадлал дэвшүүлж байдаг.
Аваргуудын лигийн 68 тэмцээний Аваргын Цомын төлөөх финалын Интер-Манчестер Сити тоглолт ирэх зургадугаар сарын 10-нд Туркийн нийслэл Истанбул хотноо болно.