Чингис хаандаа мөргөм үү, Улсаа байгуулсан 1206 оны 1, 2, 6 тоонд нь мөргөм үү

Монгол Улсын парламентад суудалтай, тулгын гурван чулуу шиг МАН, АН, ХҮН намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 126 байх нь зүйтэй гэж санал нэгджээ.
817 жилийн тэртээ 1206 оны намар Онон мөрний хөвөөнд боржигон овгийн монгол язгууртан дээдсийн Их хуралдайг хуралдуулж Их Монгол улсаа байгуулсан эзэн Чингис хаандаа мөргөм үү. Тандаа хойч үе тань чин сэтгэлээсээ мөргөж байдаг учраас Улсаа тунхагласан 1206 он нь тухайн үед цаг хугацааны тохиолдлын огноо байсан ч, эс байсан ч, үл хамааруулж 1, 2, 0, 6 гэсэн тоонд нь чинь бас мөргөм үү.
Холын зайд эргэн санавал, хорин хоёр жилийн тэртээ 12.06-нд өнөөдрийн АН байгуулагдаж байв. Ардчилал гэсэн төсөөллийн далбаан дор тус тусдаа дарцаглаж явсан улс төрийн зургаан хүчин – Монголын Үндэсний ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Шашинтны ардчилсан нам, Монголын ардчилсан Сэргэн мандалын нам, Монголын Ардчилсан нам, Монголын Улалжлалын нэгдсэн намын нэг хэсэг, хамтдаа чуулж баруун төвийн үзлийг баримтлагч АН-ыг байгуулсан.
Ойрын зайд эргэн санавал, УИХ-ын гишүүдийн тоог 152 байх нь зүйтэй гэсэн ХҮН намынхны байр суурь хүчтэй байв. Үндэслэл нь, гишүүдийн тоог тухайн улсын хүн амын тооноос куб язгуур гаргаж тогтоодог, шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын аргачлалаар бодсон тоо. Энэ бол машины азын дугаар шиг тоо бус ярьж байв.
Ойрын зайд эргэн санавал, АН-ын зарим гишүүн “Эрдэнэ зуугийн хэрэмний Зуун найман суварга дээр Энэ зууны өргөөний Зуун түмэн цонхон дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би гэж Д.Пүрэвдорж найрагч шүлэглэсэн. Тусгаар тогтнолын шүлгэн дэх 108-ыг гишүүдийн тоо болгоё” гэж ярьж байв.
Ташрамд хэлэхэд, эрх баригч МАН-ын зарим Их хурал 1206 төлөөлөгчтэй чуулж байсныг дурдаад УИХ-ын эрхэм гишүүд ирэх долоо хоногт сонгогдсон тойрогтоо ажиллаж ард иргэдээсээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг зөвшөөрөх үү гэж асуухад өнгөрсөн долоо хоногийнх шиг “тархийг нь хага цохилгүй”, харин ч эсрэгээрээ тэдэнд харилцан зөвшилцөх боломж олгох буйз аа.
Ер нь 0 нь хоосон гэсэн утга тул 1206-гаас 0-ийг нь авахаар 126 гэсэн тоон хариу гарчээ ойлгож болно. Харин гишүүдийн тоог нэмэх тууштай бодлоготой Л.Оюун-Эрдэнэ даргатай эрх баригч МАН нь 2020 оны сонгуулиар УИХ-д 62 суудал авсан, мөн гишүүдийн тоог нэмэх тууштай бодлоготой Т.Доржханд даргатай ХҮН нам 1 суудал авсан. Нийт суудлын тоо 63 болж байна, үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхээр 126 болж байна гэж ард иргэддээ тайлбарлах нь өрөөсгөл хариу болж мэднэ. Гэхдээ л зоос хоёр талтай гэдэг байх шүү.
Эх сурвалж: Aguulga.mn