Аваргуудын лиг. Интер финалд шалгарсан эхний баг болов. Хоёр дахь нь Ман Сити, Реал М…

0
193

Европын хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн шилдэг багийг жил тутам шалгаруулдаг Аваргуудын лигийн 68 дахь тэмцээний финалд тоглох эхний баг тодорлоо. Хагас шигшээгийн хариу тоглолтод Италын Милан хотноо Интер баг төрөлх нутгийнхаа Миланыг 1:0-ээр буулган авлаа. Эхний тоглолтод Интер өрсөлдөгчөө 2:0-ээр  хожсон. Хоёр тоглолтын нийлбэрээр /3:0/ тус баг Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа.

Манайхаар тавдугаар сарын 17-ны лхагва гаргийн үүрээр болсон тус хариу тоглолтын хожлын ганц гоолыг Интерт тоглож буй Аргентины легионер, 2022 оны дэлхийн аварга хөлбөмбөгчин Мартинес 74 дэх минутад оруулав. Интер клуб нь Аваргуудын лигийн тэмцээний финалд урьд өмнө нь нийтдээ таван удаа шалгарч хоёр хожигдож, харин 1964, 1965, 2010 онд түрүүлж Аваргын Цом өргөсөн. Ирэх зургадугаар сарын 10-нд Туркийн нийслэл Истанбулын төв цэнгэлдэхэд болох финалын тоглолтод Аваргын Цомыг дөрөвдэх удаа өргөхийн төлөө өрсөлдөхөөр талбайд гарна.

Интерийн өрсөлдөгч ямар баг байх нь манайхаар тавдугаар сарын 18-ны пүрэв гаргийн үүрээр Английн Манчестер хотод болох хагас шигшээгийн хариу Манчестер Сити-Реал М багийн тоглолтоор шийдэгдэнэ. Хагас шигшээгийн эхний тоглолт Испанийн Мадрид хотноо болоход Реал М-Манчестер Сити 1:1 тэнцээгээр өндөрлөсөн. Эхний болон хариу тоглолтын нийлбэр дүнгээр ялагч тодордог учраас пүрэв гаргийн тоглолт хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлын гол цөм болон хувирчээ.

Испанийн эзэн хааны баг хэмээх Реал М нь Аваргуудын лигийн тэмцээнд 14 удаа, хамгийн сүүлд өнгөрсөн 2022 онд түрүүлж Цом өргөсөн. Өөрөөр хэлбэл одоо аварга цолоо хамгаалан тоглож буй баг. Харин Английн Манчестер Сити баг нь түүхэндээ түрүүлж үзээгүй, ганцхан удаа 2021 онд финалд шалгарч нутаг нэгт Челсид хожигдож Аваргын Цом хүртэх мөрөөдөлтэйгөө үлдсэн. Хөлбөмбөгийн шинжээчид тус багийг Реал М-ыг хожиж финалд шалгарч чадвал мөрөөдөл нь биелэх магадлал /Интерийг хожно/ 90 хувьд хүрнэ гэж үзэж байна.