“Дайнч” ОХУ дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллаж байна

0
58

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гол үүрэг бол олон улсад энх тайвныг сахиулах явдал. Гэтэл Украинд цэргийн ажиллагаа нэрийн дор халдан довтолсон ОХУ нь тус байгууллагын удирдах дээд Аюулгүйн зөвлөлийн даргаар энэ дөрөвдүгээр сарын 1-нээс 30-нд ажиллаж байна.

Зарим хүнд энэ нь гайхашралыг төрүүлж магад. Гэвч зоргоороо бус дүрмээрээ гэдэг олон улсын нийтлэг зарчмаар бол огт гайхах зүйл байхгүй. 1960-аад оны эхээр батлагдсан дүрмийн дагуу НҮБ-ын удирдах дээд байгууллага Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн улс тус зөвлөлийг нэг сарын хугацаатайгаар ээлжлэн даргалах үүрэгтэй, бас эрхтэй.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь байнгын тав, байнгын бус арав, нийт 15 гишүүнээс бүрддэг. Дэлхийн II дайнд түрэмгийлэгч холбоотны Герман, Япон, Италын армийг бут цохиж даян дэлхийд энх тайвныг тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн Их Британи, Орос, Америк, Франц, Хятад, таван улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр 1945 онд хугацаагүй сонгогдсон. Харин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас тус зөвлөлийн байнгын бус 10 гишүүнийг хоёр жилийн хугацаатай сонгодог журамтай. Энд газар зүйн төлөөллийн зарчим үйлчилдэг. 1963 оноос эхлэн Ази тив гурав, Африк тив хоёр, Зүүн Европын орнуудад нэг, Латин Америк, Карибын тэнгис, Баруун Европ болон бусад орнуудад тус бүр хоёр суудал ногдож байна.

НҮБ-ын дүрмийн дагуу энэ 2023 онд Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах хуваарь батлагдсан. Үүнд, нэгдүгээр сард  – Япон, хоёрдугаар сард – Мальта, гуравдугаар сард –  Мозамбик, дөрөвдүгээр сард – ОХУ, тавдугаар сард – Швейцар, зургадугаар сард – Арабын Нэгдсэн Эмират улс, долдугаар сард – Их Британи, наймдугаар сард – АНУ, есдүгээр сард – Албани, аравдугаар сард – Хятад, арванхоёрдугаар сард – Эквадор улс.

ОХУ нь энэ ням гарагт Аюулгүйн зөвлөлийн даргын үүрэгт ажлаа өндөрлүүлнэ. Хуваарийн дагуу Швейцар улс ирэх даваа гаргаас буюу тавдугаар сарын 1-нээс тус зөвлөлийг нэг сарын хугацаанд даргалах ажилдаа орно.