Аваргуудын лигийн хөлбөмбөг. Шөвгийн наймын тоглолт өнөө орой /IV.11/ эхэлнэ

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний хоёр тоглолт орон нутгийн цагаар өнөө орой, манай Улаанбаатарынхаар маргааш (IV.12) өглөөний 03.00 цагаас эхэлнэ. Үүнд,
__Манчестер Сити (Англи) – Бавари М (Герман)
__Бенфика (Португал) – Интер (Итал)
Хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг, испани мэргэжилтэн Гвардиологоор удирдуулсан Английн Манчестэр Сити баг өөрийн талбайдаа Германы “хөлбөмбөгийн машин” гэгддэг алдарт Бавари М-ыг хүлээн авна. Бавари М баг нь Аваргуудын лигийн Цомыг 1974-1976, 2001, 2003, 2020 онд нийт зургаан удаа өргөсөн түүхэн амжилттай. Харин Английн баг урьд нь огт түрүүлж үзээгүй, нэг удаа финалд шалгарч хожигдон мөнгөн медаль хүртсэн даруухан амжилттай.
Ман Сити энэ улиралд Аваргуудын лигт түрүүлэх маш их амбийцтай яваа бол Бавари М баг ч бас түрүүлж долоо дахь Цомоо өргөх зорилготой байгаа. Үүний нотолгоо нь 35-тай залуу дасгалжуулагч Нагельсманнаа өнгөрсөн гуравдугаар сард ажлаас нь халж оронд нь Английн “Челси” багийн экс дасгалжуулагч, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог хашир туршлагатай Тухелийг авсан үйл явдал. Хөлбөмбөгийн шинжээчид Ман Сити, Бавари М, хоёрын шөвгийн наймд ялалт байгуулсан нь Аваргуудын лигт энэ улиралд түрүүлж Цом өргөнө гэж таавар дэвшүүлжээ. Хоёр багийн шийдвэрлэх хариу тоглолт дараагийн долоо хоногийн лхагва гарагт (IV.19) Германы Мюнхэн хотноо “Олимп” цэнгэлдэхэд болно.
Дээрх тоглолттой зэрэгцэн 4-т үлдэхийн төлөөх шөвгийн наймын өөр хосын эхний тоглолт Португалын Лиссабон хотын төв цэнгэлдэхэд Бенфика, Италын Интер багуудын хооронд болно. Хоёр багийн шийдвэрлэх хариу тоглолт дараагийн долоо хоногийн лхагва гарагт (IV.19) Италын Милан хотноо болно. Португалын Бенфика түүхэндээ Аваргуудын лигт 1961, 1962 онд нийт хоёр, Италын Интер 1964, 1965, 2010 онд нийт гурван удаа түрүүлсэн амжилттай.
Хасагдах шатны шөвгийн наймд шалгарсан бусад дөрвөн багийн эхний тоглолтууд маргааш болно. Үүнд,
__Реал М (Испани) – Челси (Англи)
__Милан (Итал) – Наполи (Итал) баг. Багуудын шийдвэрлэх хариу тоглолтууд дараагийн долоо хоногийн мягмар гарагт /(V.18) болох хуваарьтай.
Ташрамд онцлоход, шөвгийн дөрвийн хагас шигшээд Реал М-Челси хоёрын хожсон нь Манчестер Сити-Бавари М хоёрын ялагчтай, Интер-Бенфика хоёрын хожсон нь Милан-Наполи хоёрын ялагчтай финалд үлдэхийн төлөө тоглоно.