Финланд НАТО-д зун элссэнээр ОХУ-НАТО хоёрын хилийн “тулгаралт” 747-оос 2087 км болно

0
112

 

Цэрэг, улстөрийн эвсэл НАТО (North Atlantic Treaty Organization) нь 30 гишүүүнтэй. НАТО-гийн аль нэг гишүүн орон гаднын довтолгоонд өртвөл бусад бүх гишүүн өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй. Хэрвээ Украин тус эвслийн гишүүн орон байсан бол Орос-Украины дайн эхлэхэд дүрмийн дагуу цөмийн зэвсэгтэй АНУ, Англи, Франц тэргүүтэй НАТО-гийн 30 улсын зэвсэгт хүчин Оростой байлдах байлаа. Шинжээчдийн тайлбараар бол Оросууд ингэж байлдах ч үгүй, НАТО-той шууд тулгарахаас болгоомжилж тус эвслийн гишүүн Украин руу довтлохгүй байжээ.

Оросууд НАТО-гийн гишүүн бус Украинд халдаж довтолсноос хойш ОХУ-тай 1340 км хуурай газраар хиллэдэг Финланд улс бодит байдалд дүгнэлт хийж болзошгүй түрэмгийллээс хамгаалах ганц арга нь тус эвсэлд элсэж хамгаалалтад орох гэж үзжээ.

Финланд улсаас НАТО-д элсэх саналыг тус эвслийн Унгар, Турк, хоёр улсын парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дэмжинэ гэж шийдвэрлэлээ. НАТО-д шинээр гишүүнээр элсэхэд тус эвслийн гишүүн 30 улс бүгдээрээ 100 хувь дэмжсэн байна гэсэн хатуу дүрэмтэй. Өмнө нь тус хоёр улсаас бусад 28 гишүүн нь Финландыг НАТО-д элсэхийг дэмжих шийдвэрээ гаргасан байв. Ийнхүү хамгийн сүүлчийн хоёр гишүүн улс Унгарын парламент гуравдугаар сарын 27-нд, Туркийн парламент гуравдугаар сарын 29-нд Финланд улсыг НАТО-д элсэх шийдвэрийг соёрхон баталснаар тус улс ирэх зун болох НАТО-гийн хуралдаанаар албан ёсны гишүүн болох эрх нээгдлээ. Ташрамд тус эвслийн 30 гишүүнийг танилцуулъя.

__Хойд Америк тивийн 2: АНУ (цөмийн зэвсэгтэй), Канад

__Европт маш нөлөөтэй 6: Их Британи (цөмийн зэвсэгтэй), Франц (цөмийн зэвсэгтэй), Герман, Итал, Испани, Португал

__Хуучин социалист системийн 14: Бельги, Болгар, Румын, Словак, Словени, Унгар, Хорват, Хойд Македон, Латви, Литва, Монтенегро, Польш, Чех, Эстони

__Европын бусад 8: Албани, Грек, Дани, Исланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Турк улс.

Шинжээчдийн тайлбараар бол Финланд улс НАТО-д элсэх болсон нь нэг талаасаа Европ тивд Оросуудын цэргийн хүчнийг тогтоон барьж саармагжуулах алхам боловч, нөгөө талаараа НАТО, ОХУ хоёрын хуурай газраар шууд тулсан хил нь урьдахиас бараг гурав дахин нэмэгдэж 1990-ээд оноос өмнөх “хүйтэн дайны” үеийг санагдуулам эрсдэл дагуулсан “халуун бүс” болгож хувиргаж байгаа ажээ.

ОХУ нь одоогийн байдлаар НАТО-гийн гишүүн Эстонитой 334 км, Латвитай 217 км, Норвегитой 196 км газраар хиллэдэг. Өөрөөр хэлбэл НАТО-той нийт 747 км хуурай газраар хиллэдэг. Тус эвсэлд ОХУ-тай 1340 км-ээр хиллэдэг Финланд элссэнээр НАТО-ОХУ, хоёрын хил 2087 км болж өргөжнө.