Боловсролын Л.Энх-Амгалан сайдынхаар, Багачуудын эрүүл мэндийг сүйтгэх Цаг урагшлуулалт

0
103

 

_Өнөөдөр /III.22/ Засгийн газрын хуралдаанаар Д.Амарбаясгалан даргын санаачилсан орон даяар Зуны цагийн хуваарьт шилжиж цаг урагшлуулах эсэхийг шийднэ_

Өнгөрсөн зууны наяад онд хөдөөгийн нэг суманд аймгийн МАН-ын хорооны дарга ирж иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Сайх дарга уулзалтад ирсэн хүмүүсийг, ажил хийхгүй халамжаар амьдарч байна гэж уур омогтойгоор баахан загнаад төгсгөлд нь асуулт байна уу гэхэд, нэг нь,

-Энэ таны уур уу, эсвэл Намын хорооны уур уу гэж асуусан гэдэг.

Үүнтэй агаар нэгэн адил асуултыг МУ-ын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрх баригч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас асуумаар байна. “Гуравдугаар сарын 25-наас Зуны цагийн хуваарьт шилжүүлэх санал санаачилга чинь Таны өөрийнх үү, эсвэл Засгийн газар, МАН-ын бодлого уу” гэж.

Засгийн газрын шийдвэрээр Стандарт хэмжил зүйн газраас цагийн зүүг нар зөв чигт нэг цагаар хойшлуулж, өөрөөр хэлбэл хийсвэр утгаараа байгалийн Нарны цагийг нэгээр урагшлуулсан нь манайд 1960 оноос эхлэлтэй.

Засгийн газрын (сайд нарын зөвлөл) 1960 оны 245 тоот “Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор анх удаа цаг урагшлуулах шийдвэр гарчээ.

Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 1983 оны 51 дугаар, 1985 оны 74 дүгээр, 2001 оны 93 дугаар, мөн 2015 оны гуравдугаар сарын 10-ны тогтоолыг үндэслэж нийтдээ 21 удаа хаврын гуравдугаар сараас намрын есдүгээр сарын хооронд цагийн тооллыг нэгээр урагшлуулж Зуны цагийн тоололд шилжиж байсан. Үүнийг тодорхой болгож танилцуулбал: 1960 он, 1983 он, 1985-1998 он, 2001-2004 он, 2015, 2016 он.

Дээр дурдсан Засгийн газрын тогтоол гарах болон эдгээрийг хүчингүй болгосон 1999, 2005, 2017 оны тогтоол гарах үеэр цаг урагшлуулахыг “сайн уу, муу юу, аль нь вэ” гэсэн маргааны талцал орон даяар өрнөсөн. Энэ удаад ч давтагдаж байна.

Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхэд нэг цагаар эрт сэрнэ гэсэн үг шүү дээ. Боловсролын хүрээлэн өмнө нь судалгаа хийж байсан, одоо бас шинэ судалгаа хийж байгаа. Өмнөх судалгаагаар бага ангийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бие махбод, организмд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Энэ судалгааныхаа дүгнэлтийг үндэслэж Засгийн газрын хуралдаан дээр байр сууриа илэрхийлнэ. Боловсролын сайдын хувьд би цаг урагшлуулах нь зөв шийдвэр биш гэж харж байгаа” гэж мэдэгдлээ.

Эцэст нь эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газар байгалийн хуулиар өдөр шөнө Монгол газар тэнцэж байгаа гуравдугаар сарын 22-ны энэ өдөр орон даяар Зуны цагийн хуваарьт шилжиж цаг урагшлуулах нь “сайн уу, муу юу, аль нь вэ” гэдгийг эцэслэн шийдэх гэж байна.