Гишүүнээс түдгэлзүүлэх эрх атгасан гол босс: Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Бямбацогт

0
137

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг парламентад зөвшөөрөх, эс зөвшөөрөх ажиллагаа нь дөрвөн шатлалтай. Уг саналыг

__УИХ-ын гишүүний халдашгүй байдлын 5 гишүүнтэй дэд хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргана

__УИХ-ын 19 гишүүнтэй Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргана

__УИХ-ын 19 гишүүнтэй Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргана

__УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан саналыг “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хувилбараар нууцаар санал хурааж Тогтоол гаргана.

1992 оноос манай улс байнгын ажиллагаатай парламенттай болсон өнгөрсөн хугацааны түүхийг харахад тухайн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг унагасан, эсвэл хүлээн авсан УИХ-ын тогтоол нь Гишүүний халдашгүй байдлын дэд хорооны саналтай давхцаж байдаг.

Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ эцэслэн хүлээн авах эсэх “замын зураг” тус дэд хороон дээр бэлэн болдог гэж ойлгогдож байна. УИХ-ын Гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нь хуульд заасны дагуу парламентад хамгийн олон удаа сонгогдсон таван улстөрч байх ёстой. Одоогийн гишүүд нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа 7 дугаар сарын 2-нд сонгогдсон Н.Энхболд (6 дахь удаа гишүүн болсон), Б.Бат-Эрдэнэ (5 дахь удаа), Сү.Батболд (5 дахь удаа), Ц.Мөнх-Оргил (4 дэх удаа), С.Бямбацогт (4 дэх удаа) нар.

Ташрамд хэлэхэд, Үндсэн хуульд “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Энэ заалтын дагуу УИХ-ын тухай хуульд “Гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд Шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, Гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж тодорхой тусгаж өгсөн.

Сүүлийн үед зарим гишүүн УИХ-ын бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаад хуулийн байгууллагаар шалгуулж цэвэр гэдгээ батлуулж буцаад парламентдаа орж ирэх сайхан боломжийг ашиглах сонирхолгүй байгаа нь олон нийтэд анзаарагдаж байна. Хэрсүү болсон иргэд сонгогчдод тэдгээр гишүүний энэхүү боломжийг ашиглахыг хүсэхгүй байгаа нь, шуудхан хэлэхэд Гэр, Албан өрөө, Автомашин, Бие, гэсэн дөрвөн байршилд ямар нэг бохир бизнесийн зүйл нуусан учраас хууль хяналтын байгууллагаар үзлэг нэгжлэг хийлгэхгүй гэж чардайж байна гэсэн хардлага төрүүлж эхэллээ.

 Эх сурвалж: Aguulga.mn