
Манай өмнөд хөршийн удирдагч Ши Жиньпин хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путиний урилгаар ОХУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр даваа гарагт эхэлнэ. Гуравдугаар сарын 20-ноос 23-нд болох тус айлчлал нь Хятадын удирдагчийн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орост хийж буй анхны айлчлал.
Хоёр орны төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард видео хурлын үеэр ярилцсан. Тухайн үед Ерөнхийлөгч В.Путин нь Хятадын удирдагч Ши Жиньпинийг Москвад айлчлахыг урьсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын мэдэгдсэнээр, Төрийн тэргүүнүүд хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурах ажээ. Эдгээр нь ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай, Орос-Хятадын эдийн засгийн 2030 он хүртэлх хамтын ажиллагааны тухай юм байна. Түүнчлэн Украины дайны талаар санал солилцох ажээ.