Д.Трамп дэмжигчдэдээ хандаж өөрийг нь мягмарт БАРИВЧЛАГДАХ болсныг эсэргүүцэхийг уриалав

АНУ-ын экс Ерөнхийлөгч Д.Трамп америкийн олон нийтийн Truth Social цахим сүлжээн дээр өөрийг нь Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Прокурорын газраас ирэх мягмар гарагт баривчлах гэж байна хэмээн мэдэгдлээ. Улмаар дэмжигчдэдээ хандаж уг баривчлагааг эсэргүүцэж эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалав.
Сүүлийн үед АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хяналт, хариуцлагын хорооны Ардчилсан намын гишүүд Д.Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа гадаад орнуудын Засгийн газраас өгсөн зуу гаруй төрлийн бэлэгний талаар тодорхой тайлагнаж мэдээлээгүй гэж буруутгаж буй. Гэхдээ Манхеттэний Прокурорын газар энэ удаад нуун дарагдуулсан бэлгийнх нь асуудлаар бус порно киноны од Сторми Даниэлстэй холбоотой, 2016 оны хэрэг явдлаар Д.Трампыг шалгах ажээ.
Эргэн санавал, Д.Трамп, Сторми Даниэлс нар гольф тоглож байхдаа дотносож, 2006 онд Тахо нуурын ойролцоох “Трамп” зочид буудалд хамтдаа байрлаж байжээ. Д.Трамп нь 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр порно жүжигчнийг өөртэй нь дотно харилцаатай нууц амраг байснаа үгүйсгэж “амаа барьсных” нь төлөө 130 мянган ам.доллар түүнд төлсөн гэсэн мэдээлэл 2018 онд “Уолл Стрит сэтгүүл”-д нийтлэгдсэний дараа Америк даяар шуугиан тарьсан.
Ташрамд онцлоход, порно киноны од Сторми Даниэлс нь Манхэттэн дүүргийн Прокурорын газарт 3 дугаар сарын 15-ны лхагва гарагт дээрх уг хэрэг явдалтай холбогдох асуудлаар мэдүүлэг өгсөн бөгөөд Д.Трампад нэмэлт мөрдөн байцаалт явуулахад гэрчээр оролцохыг зөвшөөрсөн байна. Энэ тухай түүний өмгөөлөгч твиттер хуудсандаа бичжээ.