Аваргуудын лигийн хөлбөмбөг. Ман Сити баг Лейпцигийг 7:0-ээр бут ниргэж наймд шалгарав

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас гишүүн орнуудынхаа клубүүдийн дунд жил тутам зохион явуулдаг Хамгийн шилдэг багийг тодруулах Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын 5, 6 дахь багаар Английн Ман Сити, Италын Интер шалгарав.
Манайхаар гуравдугаар сарын 15-ны лхагва гаргийн өглөө хасагдах шатны наймд үлдэхийн төлөөх хоёр хариу тоглолт боллоо. Аваргуудын лигийн тэмцээний дүрмээр хасагдах шатанд эхний болон хариу, хоёр тоглолтын нийлбэр үр дүнгээр ялагч тодорч хожсон нь дараагийн шатанд шалгарч тэмцээнээ үргэлжлүүлж хожигдсон нь үзэгчдийн суудалд шилждэг. Тоглолтуудын үр дүн:
Хариу Ман Сити (англи) – Лейпциг (герман) 7:0, эхний 1:1
Хариу Порта (португал) – Интер (итал) 0:0, эхний 0:1
Эхний тоглолтод Германд зочлон 1:1-ээр тэнцсэн Ман Сити баг өөрийн талбайдаа өрсөлдөгчийнхөө хаалганд гоолын бороо оруулж 7:0-ээр бут ниргэн дараагийн шатанд шалгарав. Ман Ситигийн гоолын “машин” довтлогч Холанд нийт таван гоолыг тоглолтын 22 (торгуулийн цохилт), 24, 45, 53, 57 дахь минутад оруулав. Бусад хоёр гоолыг хагас хамгаалагч Гюндоган 49, Де Брюйне 90 дэх минутад хийлээ.
Эхний тоглолтод Италд зочлон хожигдол амссан Порта баг өөрийн талбайдаа хуурай тэнцэж нийлбэр дүнгээр ялагдал хүлээж энэ жилийн тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжив. Италын хөлбөмбөгийн “нэрийн хуудас”-уудын нэг Интер шөвгийн наймд шалгарлаа.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт шөвгийн наймд тоглох 4, энэ долоо хоногийн лхагва гаргийн өглөө 2, нийт 6 багийн нэр ийнхүү тодорхой боллоо. Үүнд,
_Английн Челси, Ман Сити
_Италын Милан, Интер
_Германы Бавари М
_Португалын Бенфика баг.
Хасагдах шатны шөвгийн наймын, дээр дурдсан зургаагаас бусад, үлдсэн хоёр “суудлын” төлөөх шийдвэрлэх хариу тоглолтууд манайхаар гуравдугаар сарын 16-ны пүрэв гаргийн өглөө болно.
Реал М (испани) – Ливерпүүл (англи), эхний тоглолт 5:2
Наполи (итал) – Айнтрахт (герман), эхний тоглолт 2:0.
Хөлбөмбөгийн шинжээчид Германд зочилж хожил байгуулсан Наполи баг хариу тоглолтод талбайдаа хоёр дахиа хожиж ямар ч эргэлзээгүйгээр шөвгийн наймд шалгарна, Айнтрахт тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжинэ. Харин Ливерпүүл эхний тоглолтод талбайдаа хожигдсон ч Мадрид хотноо хариу тоглолтод Реал М багтай гал гарсан тулаан хийнэ гэж таамаглаж байна. Гэхдээ шөвгийн наймд Реал М-ыг шалгарна гэж үзэж байна.