Аваргуудын лиг. ПСЖ-ийг Герман “хөлбөмбөгийн машин” Бавари М хожиж наймд шалгарав

0
92

 

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний 4 багийн нэр тодорлоо. Хасагдах шатны наймд үлдэхийн төлөөх зарим хариу тоглолт Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөртэй давхцаж лхагва, пүрэв гарагт болов. Энэ удаа явагдсан шөвгийн 16 багийн эхний 4 хосын шийдвэрлэх хариу болон гурван долоо хоногийн өмнө болсон эхний, нийт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Английн Челси, Португалын Бенфика, Германы Бавари М, Италын Милан баг ялагчаар тодорлоо. Хоёр тоглолтын үр дүн:

Хариу ЧелсиБорусси Д (герман) 2:0, эхний 0:1

Хариу Бенфика – Брюгге (бельги) 5:1, эхний 2:0

Хариу Бавари М – ПСЖ (франц) 2:0, эхний 0:1

Хариу Тоттенхэм (англи) – Милан 0:0, эхний 0:1

Эхний тоглолтод зочлон 0:1-ээр хожигдсон Челси өөрийн талбайдаа англи довтлогч Стерлинг, герман легионер тоглогч Хаверц нарын гоолоор өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авч дараагийн шатанд шалгарлаа. Хожигдсон Германы Борусси Д тэмцээнээ дуусгав. Эхний  тоглолтод зочлон 2:0-ээр ялалт байгуулсан Бенфика талбайдаа өрсөлдөгчөө 5:1-ээр бут ниргэлээ. Португал довтлогч Рамуш 2, Рафа 1, хагас хамгаалагч Жоау 1, түүнчлэн бразил легионер довтлогч Нерес 1, нийт таван гоолоор Брюгге багийн хаалгыг “мялаав”. Бельгийн багаас нэр төрийн ганц гоолыг нидерланд легионер тоглогч жигүүрийн хамгаалагч Майер хийв. Брюгге баг үзэгчдийн эгнээнд шилжлээ. 

Эхний тоглолтод Италд зочлон Миланд 0:1-ээр хожигдсон Лондон хотын Тоттенхэм талбайдаа хариу тоглолтод 0:0-ээр хуурай тэнцэж хөгжөөн дэмжигч болон цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн үзэгчдийнхээ урмыг хугалж тэмцээнээ өндөрлүүлэв.

Германы “хөлбөмбөгийн машин” гэгддэг Бавари М баг энэ улирлын Аваргуудын лиг дэх ялалтын цувралаа үргэлжлүүлж Францын ПСЖ-г талбайдаа 2:0-ээр хожив. Гоолыг камерун легионер довтлогч Чупо-мотинг тоглолтын 61 дэх, герман хагас хамгаалагч Гнабри 89 дэх минутад орууллаа. Бавари М баг хэсгийн шатанд дөрөв, хасагдах эхний шатанд хоёр, нийт зургаа дараалан оноо алдалгүй хожил байгуулсан амжилтаар шөвгийн наймд шалгарав. Тус баг нь Аваргуудын лигийн аваргын зургаан Цомтой. Тэдний хаалганд ганц ч гоол хийж чадаагүй Францын ПСЖ тэмцээнээ өндөрлүүлэв. Арабын газрын тосны тэрбумтан баян эзэдтэй, Месси, Мбаппе тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн бүрэлдэхүүнтэй тус баг сүүлийн үед жил бүр түрүүлэх зорилго өвөртлөн Аваргуудын лигт өрсөлдөж байгаа ч финалд хүрэлгүй удаа дараа ийнхүү хожигдон тэмцээнээ эрт дуусгаж байна.

    Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн наймын үлдсэн дөрвөн “суудлын” төлөөх шийдвэрлэх хариу тоглолтууд ирэх долоо хоногийн дундуур, гуравдугаар сарын 14, 15-нд болно.

__Порта – Интер (итал), эхний тоглолт 0:1

__Ман Сити (англи) – Лейпциг (герман), эхний тоглолт 1:1

__Реал М (испани) – Ливерпүүл (англи), эхний тоглолт 5:2

__Наполи (итал) – Айнтрахт (герман),  эхний тоглолт 2:0.

Хөлбөмбөгийн шинжээчид айлын талбайд зочилж хожил байгуулсан Италын Наполи, тэнцээ авсан Английн Ман Сити багийг шийдвэрлэх хариу тоглолтод хожиж шөвгийн наймд шалгарна, талбайдаа хожигдсон Ливерпүүл цааш шалгарахгүй ч Реал М-ын талбайд урамтай сайхан тоглож цөөн гоолоор хожно, харин Португалын Порта, Италын Интер, хоёр багийн дараагийн шатны наймд шалгарах магадлал 50:50 гэж үзэж байна.