Монгол наадмын анхдагчид. Шагайчид анх удаа Ерөнхийлөгчөөс цол хүртсэн

Жил бүрийн зуны дэлгэр цаг долдугаар сард дэнж хотойлгон эхэлдэг Улсын их баяр наадам нь таван төрөлтэй. Уламжлалт эрийн гурван төрөл дээр 1958 онд Эмэгтэйчүүдийн сурын харваа нэмэгдсэнээр дөрөв, 1998 онд Шагайн харваа нэмэгдсэнээр тав болсон.
УИХ-аас 2002 оны зургадугаар сард Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хууль баталснаас хойш Улсын баяр наадамд амжилт гаргасан бөхчүүд, эрэгтэй, эмэгтэй харваачид, уяачид тус хуульд заасны дагуу улсын цолыг Ерөнхийлөгчөөс хүртэж байна. Харин Шагайн харваа 1998 оноос Улсын баяр наадмын нэгэн төрөл болж орсон ч ҮИБН-ын тухай уг хуульд шагайн харваачдад Ерөнхийлөгч цол олгох тухай заалт байхгүй тул шилдгүүд нь Монголын шагайн харвааны холбооноос /ашгийн бус ТББ/ цол чимэг авдаг байв. Гэвч өнгөрсөн 2022 оны зургадугаар сард ҮИБН-ын тухай хууль шинэчлэн батлагдсанаар Улсын баяр наадамд амжилт гаргасан шагайн харваачид Төрийн тэргүүнээсээ улсын цол хүртэх эрх нээгдсэн.
Шинэчлэгдсэн ҮИБН-ын тухай хуульд “Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд Үндэсний бөхийн барилдаан, Сурын харваа, Үндэсний хурдан морины уралдаан, Шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” заажээ. Улмаар 12 дугаар зүйлд:
__Улсын баяр наадмын шагайн харваанд эхний гурван байрт 1 удаа шалгарсан багийн харваачид улсын мэргэн, 2 дахь удаагаа шалгарсан багийн харваачид улсын хошой мэргэн цол олгоно.
__Улсын баяр наадмын шагайн харваанд улсын хошой мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын гарамгай мэргэн, улсын гарамгай мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын дархан мэргэн, улсын дархан мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын үлэмж дархан мэргэн цол олгоно.
__Улсын баяр наадмын шагайн харваанд 10 ба түүнээс дээш удаа түрүүлсэн харваачид улсын даяар дуурсагдах дархан мэргэн цол олгоно” гэж хуульчилсан.
Түүнчлэн Ерөнхийлөгчөөс зарлиг буулгаж цол өгөх хугацааг “Шагайн харваачид улсын цолыг жил бүрийн Цагаан сарын баяраар олгоно” гэж тодорхой тусгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ ҮИБН-ын тухай хуулийн дагуу энэ Туулай жилийн Цагаан сараар зарлиг буулгаж өнгөрсөн 2022 оны Улсын баяр наадамд амжилт гаргасан Шагайн харваачдад анх удаа улсын цол олголоо. Үүнд:
Дархан мэргэн – Б.Мөнхбаатар (Дорноговь Айраг сумын уугуул)
__Хошой мэргэн – Т.Баярбат (Өвөрхангай Баян-Өндөр сумын уугуул)
__Хошой мэргэн – Б.Борчулуун (Өвөрхангай Төгрөг сумын уугуул)
__Хошой мэргэн – Э.Ган-Эрдэнэ, Ж.Лхагвасүрэн (хоёул Өвөрхангай Өлзийт сумын уугуул)
Улсын мэргэн – С.Алтангэрэл (Өвөрхангай Тарагт сумын уугуул)
Улсын мэргэн – Г.Алтан-Очир, Б.Алтанхуяг, Ч.Төмөрбаатар (бүгд Өвөрхангай Баян-Өндөрийн уугуул)
Улсын мэргэн – Л.Батжаргал (нийслэлийн Хан-Уул дүүргийн уугуул)
Улсын мэргэн – А.Батжаргал, Б.Бямбадорж (хоёул Говь-Алтай Хөхморьтын уугуул/
Улсын мэргэн – Г.Баттулга (Өвөрхангай Есөнзүйл сумын уугуул)
Улсын мэргэн – М.Доржпүрэв (Өвөрхангай Бүрд сумын уугуул)
Улсын мэргэн – Б.Мөнхзаяа (Өвөрхангай Уянга сумын уугуул)
Улсын мэргэн – Г.Наранбат (Өвөрхангай Төгрөг сумын уугуул), нарын 16 шагайчин Төрийн тэргүүнээсээ шагнагдсан Монгол наадмын шагайн харвааны анхдагчид боллоо.