Дуудагдсан 210 гэрч ба “Хуурамч мөнгө дэндүү цэвэрхэн байдаг” гэх хардлага

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг магадлах үүрэг бүхий, Эрхэм гишүүн Б.Энхбаяр даргатай УИХ-ын хянан шалгах түр хороо Иргэд олон түмний мэдэх эрхийг хангах хүрээнд зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах дараагийн III сонсголын товыг зарлалаа.
III сонсгол гуравдугаар сарын 13-ны даваа гаргаас 17-ны баасанд нийт таван өдөр үргэлжлэх ажээ. Урьд нь Нотлох баримтыг шинжлэн судлах I сонсгол нэгдүгээр сарын 16-20-нд, II сонсгол хоёрдугаар сарын 6-10-нд тус тус болсон.
Ирэх долоо хоногт болох III сонсголоор,
- Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлийн зарцуулалтын тухай
- 2011-2020 хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжийн хэлцэлд хийсэн дүн шинжилгээний тухай яригдах юм байна.
Сонсголд оролцуулахаар гэрчээр 210 хүнийг нэр цохон дуудсан бөгөөд олны танил,
__МУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга
__УИХ-ын гишүүн, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, гишүүн О.Цогтгэрэл
__УИХ-ын гишүүн асан, Сангийн экс сайд С.Баярцогт, мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг
__УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан
__МCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал,
__“Таванбогд трейд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан,
__“Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан нарын эрхмүүд багтжээ.
УИХ-ын хянан шалгах түр хорооноос нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах II, III сонсголын гэрчийн ирц зарим өдөр тааруухан байлаа.
Хуурамч мөнгө дэндүү цэвэрхэн байдаг гэсэн цэцэн үг бий. Өнгөрсөн хугацааны практикаас харахад дуудагдсан гэрч нар сонсгол тасалж өөрсдийгөө цэвэр гэсэн тайлбар, эсхүл хилийн чанадад болон эмнэлгийн хаалганы чанадад байна гэсэн магадлах бичиг Түр хороонд ирүүлж, түүнийг нь уншиж танилцуулж байхад дээрх цэцэн үг өөрийн эрхгүй тархинд зурсхийж байлаа.