Шинэ толь ба ХХ зууны сэтгүүлч Л.Түдэв, зууны нийтлэлч Баабар

0
217

“Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар Нийслэлд 1913 оны гуравдугаар сарын 6-нд хэвлэгдэн гарснаас хойш Дэлхий Нараа 110 удаа бүтэн тойрчээ.

Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж, шашин төрийг хослон баригч Богд Жавзандамба хаантай, таван яамтай Засгийн газартай болсноос хойш тохиосон олон эерэг үйл явдлын нэг түүхэн баримт нь Шинэ толь сонин юм. Нийт 20 дугаар гарсан ба тус бүр нь 500 хувиар хэвлэгдэн үнэгүй тараагдаж байв. Сониныг эрхлэн гаргагчид нь өөрсдөө дор дурдсан сэдвээр бичиж туурвиж байсан. Үүнд:

  • Нийтлэл /тойм/, эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулга – Ж.Цэвээн
  • Аж ахуй, соёл, шүүмжлэлт материал – Д.Бодоо
  • Засгийн газрын бодлого, тусгаар тогтнол, ардчилал – Д.Бадрахбаатар
  • Цаг үеийн шуурхай мэдээ мэдээлэл – Н.Жанцансамбуу.

Сонины нийтлэл нь анхнаасаа эхний ээлжид нэгд уншигчдын оюуны хүрээг тэлж гэгээрүүлэх, хоёрт Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин сурталчлах бодлого чиглэлтэй байсан. Гэвч сүүлдээ Богд хаант Засгийн газрын сул дорой байдал, хоцрогдсон ёс дүрэм журмыг шинэчлэн өөрчлөлт хийхгүй байгааг шүүмжилж, одоогийнхоор бол сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болжээ. Засгийн газраас тус сонинг хаахаар удаа дараа оролдсон байдаг. Энэ хавчлагаас болж Шинэ толь сонин үйл ажиллагаа нь зогсож хаагдсан гэж, өнөөдрийн өндөрлөгөөс шууд дүгнэх нь учир дутагдалтай. Ямар боловч 1914 онд гарахаа больсон нь үнэн түүх юм.

1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаас  “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан огноог Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөн өдөр буюу “Сэтгүүлчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Ташрамд дурдахад, 2000 онд Монголын радио (захирал нь СГЗ, сэтгүүлч Б.Пүрэвдаш) өдөр тутмын “Зуун мэдээ” сонин (эрхлэгч нь СГЗ, сэтгүүлч Баасанжавын Ганболд), телевизийн “ММ” агентлаг (захирал нь сэтгүүлч “хонхны” С.Цогтсайхан) хамтран сонсогч, уншигч, үзэгчдийн дунд ХХ зууны шилдэг сэтгүүлч, ХХ зууны шилдэг нийтлэлчийг шалгаруулах санал асуулга явуулахад төрийн шагналт эрдэмтэн зохиолч Л.Түдэв, төрийн шагналт Баабар нар тодорч байв.

Эх сурвалж: Aguulga.mn