Манайд 2007 онд ирж байсан Японы Эзэн хааныг Монголд айлчлахыг урилаа

“Япон лугаа адил хөгжье” гэж ард иргэдээ уриалдаг УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсын гуравдагч хөрш топ орнуудын нэг Японд айлчилж байна. Тус улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар хийж буй Г.Занданшатар даргын албан ёсны тус айлчлал нь гуравдугаар сарын 1-5-нд үргэлжилж буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагын эрхмүүдтэй уулзалт хийлээ. Түүнчлэн Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) ерөнхийлөгч А.Танакатай уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тэрбээр гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт Эзэн хааны ордонд баасан гарагт бараалхав. Г.Занданшатар дарга Эзэн хаан Нарүхито болон Японы ард түмэнд Монголын ард түмний мэндчилгээг уламжиллаа. Улмаар, манайх 2023 оныг зочлох жил болгон зарласныг дурдаж, Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьд өмнө нь урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг дахин сонордуулав.
Ташрамд онцлоход, энэ айлчлал нь парламентын засаглалтай МУ-ын УИХ-ын даргын түвшинд Япон улсад 2017 оноос хойш зургаан жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал юм. Харин Эзэн хаан Нарүхито нь угсаа залгамжилж хаан ширээнд (2019.V.1) суугаагүй Ханхүү байхдаа манай улсад 2007 оны зун зургадугаар сард зочилж байсан.
Тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын Орхоны хөндийд, Хархориноос баруун хойш 70 км-ийн зайд байдаг эртний Уйгарын хааны Ордубарык Харбалгас туурийг сонирхохоор ирсэн. Тухайн үед Япон дахь МУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Р.Жигжид уг аяллыг зохион байгуулж, орон нутгийнхан Харбалгасны урд талын гэрэлт хөшөөний өмнөх задгай талд тусгай гэр, майхан барьж одоогийн Эзэн хаан Нарүхитог найрсаг сайхнаар хүлээн авч үйлчилж байв.
Эх сурвалж: aguulga.mn