Месси ФИФА-гийн оны Шилдэг тоглогчоор долоо дахь удаа шалгарлаа

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гаас 2022 оны шилдгүүдээ зарлаж, шагнал гардуулах ёслолыг Францын нийслэл Парис хотноо зохион явууллаа.
Шилдэг тоглогчоор Аргентины шигшээ багийн довтлогч Месси, Шилдэг хаалгачаар Аргентины Мартенис, Шилдэг дасгалжуулагчаар Аргентины багийн ерөнхий дасгалжуулагч Скалони нар шалгарлаа. Аргентины шигшээ баг өнгөрсөн өвөл Катарт болсон ДАШТ-д түрүүлж Алтан медаль хүртэж Цом өргөсөн нь аргентинчууд ФИФА-гийн оны гол гурван шагналыг хүртэхэд хүргэлээ.
Хөлбөмбөгийн амьд домог гэгддэг одоо 35-тай Месси нь “Катар-2022” ДАШТ-д багаа ахлан долоо тоглохдоо долоон гоол оруулж, гурван гоолын оновчтой дамжуулалт өгч тус тэмцээний Шилдэг тоглогчоор шалгарсан. Тэрбээр, ДАШТ-д анх удаа түрүүлж дэлхийн аварга болж хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь энэ юм. Хөлбөмбөг нь багийн спорт учраас Месси дэлхийн аварга болсон гэхээсээ илүүтэйгээр Месси Аргентины багийг манлайлан дэлхийн аварга болгосон гэж түүхэнд бичигдэх учиртай. Шилдэг тоглогчийг шалгаруулах жагсаалтад Мессигийн удаад Францын шигшээ болон “ПСЖ” багийн довтлогч Мбаппе, Испанийн “Реал М” багт тоглодог франц легионер Бензема нар орлоо. Месси урьд өмнө нь дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр зургаан удаа шалгарч байсан. Энэ удаад долоо дахь нь боллоо.
Ташрамд дурдахад, ФИФА-гийн оны шилдгүүдийг тус холбооны гишүүн орнуудын бүх шигшээ багийн дасгалжуулагч, багийн ахлагч, түүнчлэн улс бүрээс нэг спортын сэтгүүлч, fifa.com сайтад бүртгэлтэй хөгжөөн дэмжигчдийн фэн клубүүдийн төлөөлөл оролцсон Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүний хүн бүрийн өгсөн онооны нийлбэр дүнгээр шалгаруулдаг дүрэмтэй.