1570 иргэн 22 асуултад Ориг үзэл бодлоороо хариулснаар ЗСА-ын I шат өндөрлөв

0
55

Шинээр тавдугаар Үндсэн хууль гаргах бол 2016 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар, харин одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар шийднэ.

УИХ анхнаасаа, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоол баталсан учраас энэ удаад Ард түмний санал асуулга, шинэ тавдугаар Үндсэн хуулийн асуудал огт яригдахгүй. Ирээдүйд, хэзээ хойно, 2024 оноос цааших УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламентууд энэ асуудлаар Тогтоол гаргаж хэрэгжүүлэхийг үгүйсгэх аргагүй.

Тийм учраас Ард түмний санал асуулгын шинэ Үндсэн хууль гаргах, эсэх асуултыг одоо явагдаж буй Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултын багцад оруулаагүй байна. ЗСА-ын тухай хуулиар санал авах үүрэг хүлээсэн Үндэсний статистикийн газар манай улсын 18 нас хүрсэн нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 1570-ыг сонгож 22 асуултад хариулт авч өчигдөр (I.30) дууслаа. Өөрөөр хэлбэл Зөвлөлдөх санал асуулгын, нэгдүгээр сарын 26-нд эхэлсэн I шат өндөрлөв.

Зөвлөлдөх санал асуулгын, дараагийн II шат хоёрдугаар сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр болно. I шатны 1570 иргэнээс дахин санамсаргүй түүврийн аргаар 785-ыг сонгож өмнөх 22 асуултаа давтан асууж хариулт авна. Эхний болон хоёрдахь шатны 22 асуулт ижил боловч оролцогчдоос хариулах нөхцөл нь огт ондоо.

Доктор Г.Чулуунбаатар даргатай Зөвлөлдөх зөвлөлийн боловсруулсан 22 асуултыг олон нийтэд дэлгэлгүй нууцалсан. Түүврээр сонгогдсон 1570 иргэн ч  мөн адил урьдчилж мэдээгүй, саналын хуудсыг шууд гардан авч 22 асуултад тухайн үеийн ориг үзэл бодлоороо хариулжээ. Ингэж нууцлах шалтгааныг холбогдох хүмүүс,

–Ард иргэдийн саналыг хөндлөнгийн нөлөө оруулахгүйн тулд асуултыг нууцалсан. Төлөөллөөс хариултыг яг өөрийнх нь үзэл бодлоор авахын тулд асуултыг Зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд оролцогчдод шууд тавьсан. 1570 оролцогч нь нийт хүн ам буюу Их олонлогоо төлөөлөхүйц Бага олонлог учир ийм аргаар хөндлөнгийн нөлөөлөлгүй хариулт авсан нь ард иргэдийн нийтлэг байр суурийн бодитой илэрхийлэл гэж тооцох үндэслэл юм хэмээн тайлбарлаж байна.

Харин II шатанд оролцох 785 иргэнээс өмнө нь нэг удаа хариулсан 22 асуултыг дахин тавьж мэргэшсэн түвшний хариулт авахын тулд тэднийг улстөр, эдийн засаг, нийгмийн ухааны онол, мэдээллээр шинээр “цэнэглэнэ”. Зөвлөлдөх санал асуулгын хуульд заасны дагуу, II шатанд оролцогчдод нэгэнт тодорхой болсон 22 асуулттай холбогдох сэдвээр мэдээлэл өгч эргэцүүлэн тунгаах боломж олгосны эцэст санал авах ажээ. Эх орны дөрвөн зүг найман зовхисоос нийслэл хотноо хүрэлцэн ирэх оролцогчдын аюулгүй байдалд ч тусгайлан анхаарах юм байна.

Эх сурвалж: aguulga.mn