“Хүүхдийн баяр бол Хүүхдийн баяр”, гэхдээ дабль стандарттай болох уу

0
218

Үндсэн хуульд Монголын бүх хүүхдийг, ямар ч алагчлалгүй өөрөөр хэлбэл дабль стандартгүйгээр адил тэгш эрхтэй гэж тунхагласан. Гэтэл манай УИХ-аас Үндсэн хуулиа давж алхсан, органик Халамжийн хуульд шинэ заалт оруулснаар нийт эцэг эхчүүдийг нэг сарын орлогын хэмжээгээр их бага, баян ядуу гэж ялгаварлан хоёр хувааж тэдний үр хүүхдүүдийн заримд нь сар тутам 0 төгрөг, заримд нь 100 мянган төгрөгийн хэмжээтэй Хүүхдийн мөнгө олгохоор болжээ.

Сэтгүүлч сурвалжалч нар УИХ-ын дарга, туршлагатай парламенч Г.Занданшатараас, Хүүхдийн мөнгийг манай улсад яагаад нийт хүүхдийн 0.9 хувьд 0 төгрөг, 91 хувьд 100 мянган төгрөг өгөхөөр хуульчилсан юм бэ гэж асуухад, тэрбээр “Хүүхдийн мөнгө бол Хүүхдийн мөнгө, ялгаварлахгүй тэгш олгох ёстой”  гэж би Чуулган дээр хэлж байсан. “Халамжийн мөнгө бол салгаад Зорилтот бүлэгт нь өг, салгаж болно” гэж бас хэлж байсан хэмээн хариуллаа.

Г.Занданшатрын ярианаас “Хүүхдийн мөнгө” нь дабль стандарттай юм байна, ийм нэртэй Халамжийн мөнгө гэж ойлгогдож байна. Үүнтэй агаар нэгэн адилаар, УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” органик хуульд заасан зургадугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр” нь яваандаа дабль стадарттай болж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн баяр бол Хүүхдийн баяр, гэхдээ тус хуулийг дабль стандарттай болгож нийт хүүхдийн 0,9 хувийнх нь эцэг эхчүүд амарч тэмдэглэхгүй, 91 хувийнх нь эцэг эхчүүд албан ёсоор амарч тэмдэглэнэ гэсэн өөрчлөлтийг УИХ-аас хийхгүй гэх баталгаагүй болсон улс төрийн цаг үе иржээ. Үүний урьдчилсан магадлал нь, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ичиж зоволгүйгээр Хүүхдийн мөнгийг өгсөн бүх цаг үеийн 17 жилийн түүхэнд анх удаа 0.9:91 гэсэн оновчтой харьцаагаар хоёр хувааж ялгаварлан өгч эхэлснээ их л давлиунаар зарлан мэдэгдэж байгаагаас харагдлаа.

Уг нь Америкийн хүүхдийн нэрт зохиолч доктор Сьюз “Жижиг ч бай, том ч бай хүн л бол хүн” гэж тэгш эрхийн тухай хэлсэн сэн.