
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй одоогийн Засгийн газрыг Нүүрсний хулгайтай тэмцэх шүглийг анх үлээсэн гэж түүний танхимын зарим гишүүн сүүлийн үед их ярьж байна. Энэ бол худлаа. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хамгийн анх Нүүрсний хулгайгаар шүгэл үлээсэн. Тэрбээр УИХ-ын Их хуралдай танхимд чуулганы үеэр одоогийн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг нэр зааж “Нүүрсний хулгайч пацаан дуугай бай” гэж Нүүрсний хулгайгаар анхлан шүгэл үлээсэн.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч лхагва гарагт Нүүрсний хулгай, хулгайчдыг илрүүлэх талаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, түүний харьяа хуулийн байгууллага урагштай ажил хийхгүй байна гэж ундууцаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, МУ-ын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт хандаж ингэж гацаад байвал бүрэн эрхийнхээ хүрээнд одоогийн УИХ-ыг тараана, ирэх 2023 онд УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдүүлнэ гэж хоёргүй утгаар шууд мэдэгдлээ.
УИХ-ыг нэг бүрэн эрхийн 4 жилийн хугацаанаас нь дуусгавар болгож тараах хоёрхон нөхцөл бий. УИХ-ын тухай хуульд,
36.1.1-д “УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй 50 нь дэмжсэн бол;
36.1.2-т Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй 50 нь дэмжсэн бол” Их Хурлыг тараана гэж заасан.