Х.Нямбаатар: Аялал жуулчлалын сан байгуулна

0
91

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт уг хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг монгол зочлох жил болгон зарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийг дагаж 10 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байгаа. Тухайлбал, Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулиудыг өргөн мэдүүлж байна. МАН-ын бүлэг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ ондоо багтааж хуулийн төслийг батлах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “2020, 2021 онд бараг жуулчин хүлээн аваагүй. 2019 онд тус салбараас 610 сая аам.доллар олж байсан. ДНБ-ны зургаан хувийг энэ салбараас бүрдүүлж байв. Аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх үр нөлөөллийг 30 хувьд хүргэх том зорилт дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зарлигаар 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Иймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж, 12 дугаар сардаа багтаан батлуулж 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш ирэх жуулчдад хэд хэдэн мессеж өгөх зорилготой.

  1. Визийн хамгийн сайн нөхцөлтэй, визгүй оронд бид багтсан гэдгээ олон улсад зарлах
  2. Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал нь хамгийн бага байх гэсэн хоёр санааг жуулчдад өгөх зорилготой.

Хуулийн төсөл таван бүлэг 33 зүйлтэй. Аялал жуулчлалын сан байгуулна. Энэ сан дөрвөн үндсэн чиглээр мөнгөө зарцуулна. Тухайлбал, Аялал жуулчлалын сан нь аялал жуулчлалыг гадаад дотоодод сурталчилах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж ажиллана. Казиногийн орлогын таван хувь, бооцоот морин тоглоомын таван хувь, төлбөр тааварт тоглоомын таван хувиас энэ сангийн орлого бүрдэнэ” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр