“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн энх тайваны төлөөх шагналаа гардан авлаа

0
65

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The HU” хамтлагт “ЮНЕСКО-гийн энхтайваны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өглөө.

“The HU” хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэхүү цолыг олгосон байна. Ингэснээр “The HU” хамтлаг нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, ялангуяа хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байна.

2016 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” хөгжмийн жанрыг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр