Аваргуудын лиг. Шөвгийн 16-д өнгөрсөн жилийн финалын Реал М-Ливерпүүл баг оноолт таарлаа

0
124

 

Европын хөлбөмбөгийн хамгийн шилдэг багийг жил бүр шалгаруулдаг Аваргуудын лигийн 68 дахь удаагийн тэмцээний хасагдах 1/8 шатанд багуудын халз өрсөлдөх оноолт гарлаа. 11 дүгээр сарын 7-ны даваа гарагт Швейцарын Ньон хотноо Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн төв байранд Хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарсан багуудаас аль нь ямар багтай ирэх 2023 оны хоёрдугаар сард болох хасагдах шатанд учраа таарахыг сугалаа татаж тодрууллаа. Хэсгийн шатнаас нэгдүгээр байраар шалгарсан найман багийн нэрийг сугалааны “А” сагсанд хийж баг тус бүр нь, хоёрдугаар байрын “В” сагсан дахь найман нэрнээс нэгийг сугалах хувилбараар оноолтыг гаргасан.

Өнгөрсөн жил Аваргуудын лигийн финалд шалгарч аваргын Цомын төлөө тоглож түрүүлсэн Испанийн Реал М баг, хожигдол амсаж дэд аварга болсон Английн Ливерпүүл баг энэ шатанд оноолт таарлаа. Хөлбөмбөгийн шинжээчид аварга цолоо хамгаалж байгаа Реал М-ын хувьд эртэдсэн хүнд сугалаа таарлаа гэж, харин Ливерпүүлийн хувьд даагаа нэхэж хариугаа авах боломж бүрдлээ гэж онцлон тэмдэглэж байна.

Аваргуудын лигт энэ жил түрүүлэх амбицтай, маш өндөр магадлалтай яваа Францын ПСЖ баг Германы хөлбөмбөгийн “машин” гэгддэг Бавари М-тэй оноолт таарсан нь онц сонирхолтой гал гарсан тоглолтоор ялагч тодрох хүлээлтийг хөлбөмбөгийн ертөнцөд үүсгэлээ.

Шөвгийн 8-д үлдэхийн төлөө халз тоглох найман хосын оноолтыг доор толилууллаа. Нэр нь эхлээд бичигдсэн баг эхний тоглолтоо өөрийн талбайд, хариу тоглолтоо айлын талбайд зочилж хийнэ. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр нийт найман баг ялагч болж цаашаа хасагдах 1/4 шатанд шалгарна. Хожигдсон нийт найман баг нь Аваргуудын лигийн тэмцээнээ өндөрлүүлж үзэгчийн эгнээнд шилжинэ. /Хэсгийн шатнаас нэгдүгээр байраар шалгарсан, сугалааны нэг сагсанд хамтдаа орсон найман багийн нэрний ард “А” сагс гэж тодотголоо. Учраа багууд нь хоёрдугаар байрын “В” сагсных юм/

Хасагдах 1/8 шатны найман хосын эхний болон хариу тоглолтууд дөрөв дөрвөөрөө долоо хоногийн зайтай болно. Эхний тоглолтууд ирэх 2023 оны хоёрдугаар сарын 14,15-нд болон 21,22-нд, хариу тоглолтууд гуравдугаар сарын 7,8-нд болон, 14, 15-нд болно. Оноолт:

Пари Сен‑Жермен (Франц) – Бавари М (Герман, “А” сагс).

__Ливерпүүл (Англи) – Реал Мадрид (Испани, “А” сагс)

__Лайпциг (Герман) – Манчестер Сити (Англи, “А” сагс)

__Борусси Д (Герман) – Челси (Англи, “А” сагс)

__Милан (Итал) – Тоттенхэм (Англи, “А” сагс)

Брюгге (Бельги) – Бенфика (Португал, “А” сагс)

Интер (Итал) – Порту (Португал, “А” сагс)

__Франкфурт (Герман) – Наполи (Итал, “А” сагс) баг.