Хөлбөмбөг. Шилдэг багуудын, ПСЖ-тэй таарах вий гэсэн айдас сугалаа татах XI.14 хүртэл үргэлжилнэ

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн 68 дахь удаагийн, хамгийн шилдэг багийг шалгаруулдаг жил тутмын тэмцээний Хэсгийн шат өндөрлөж шөвгийн 16-д шалгарсан багуудын нэр тодорлоо.
Удахгүй энэ 11 дүгээр сарын 20-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ “Катар 2022”-аас хориод хоногийн өмнө эртлэн дуусгах шахуу хуваарьтай явагдсан Хэсгийн шатны төгсгөлийн VI тойргийн тоглолтууд манайхаар лхагва, пүрэв гаргийн үүрээр боллоо. Зургаан хэсэгт дөрөв дөрвөөрөө өрсөлдсөн нийт 32 багаас хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн нийт 16 баг хасагдах шат плей-оффод шалгарлаа.
Шөвгийн 8-д үлдэхийн төлөөх хасагдах шатны тоглолтууд ирэх 2023 оны хоёрдугаар сард болно. Харин ямар багууд өөр хоорондоо таарч өрсөлдөх вэ гэдгийг тодруулах оноолт гаргах сугалааг 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт Швейцарын Ньюн хотноо Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн төв байранд татна.
Хэсгээсээ нэгдүгээр байраар хасагдах плей-оффын шатанд шалгарсан 8 багийн нэрийг сугалааны “А” сагсанд, хоёрдугаар байрын 8 багийн нэрийг “В” сагсанд тус тус хийнэ. “А” сагсны багууд “В” сагсны багуудаас сугалах дүрмээр, гэхдээ Хэсгийн шатанд нэг хэсэгт өрсөлдсөн бол, адилхан нэг улсын багууд бол нэрийг нь сугалахгүй байхаар зохицуулсан байдаг. Тухайлбал, нэгдүгээр байрын “А” сагсны Германы Бавари М баг хоёрдугаар байрын “В” сагсны саяхан нэг хэсэгт өрсөлдсөн Италын Интер болон өөрийн Герман улсын Борусси Д, Лайпциг, Франкфурт багаас бусад дөрвөн багаас сугална гэсэн дүрэм үйлчилнэ.
Сугалааны сагсанд хийсэн багийн нэрсийг танилцуулъя. Хэсгийн шатанд нэг хэсэгт тоглосон учраас сугалаагаар хоорондоо оноолт таарах ёсгүй хоёр багийн нэрийг харалдаа арагш нь цувуулж бичлээ. Түүнчлэн нэг улсын багууд хоорондоо сугалаагаар таарахгүй гэдгийг урьдчилан харах бололцоо олгохын тулд улсын нэрийг багийн нэрийн ард саран хаалтад бичиж тодотголоо. Мөн багуудын ард түүнтэй оноолт таарч болох нийт багийн тоог бичлээ.
Нэгдүгээр байрын “А” САГС . . . . . . . . Хоёрдугаар байрын “В” САГС
Наполи (Итал, 5 баг) __________________ Ливерпүүл (Англи, 4 баг)
Порту (Португал, 7 баг) ________________ Брюгге (Бельги, 7 баг)
Бавари М (Герман, 4 баг) _______________ Интер (Итал, 6 баг)
Тоттенхэм (Англи, 6 баг) _______________ Франкфурт (Герман, 6 баг)
Челси (Англи, 6 баг) ___________________ Милан (Итал, 6 баг)
Реал М (Испани, 7 баг) _________________ Лайпциг (Герман, 6 баг)
Ман Сити (Англи, 6 баг) ________________ Борусси Д (Герман, 6 баг)
Бенфика (Португал, 7 баг) ______________ ПСЖ (Франц, 7 баг).
Сугалааны “В” сагсны багуудаас Английн домогт Ливерпүүл хамгийн цөөн тооны Порту, Бавари М, Реал М, Бенфика, дөрвөн багийн аль нэгтэй оноолт таарах болж байна. Тус баг сугалааны дүрмийн дагуу нэг хэсэгт өрсөлдсөн Италын Наполи, хэсэг тус бүртээ түрүүлсэн нутаг нэгт Английн Ман Сити, Челси, Тоттенхэм, нийт дөрвөн багтай оноолт таарахгүй, зөрөх юм. Хэсгийн шатнаас Португалын Бенфика нэгдүгээр байраар шалгарч, харин Францын ПСЖ түүний ард хэсгээсээ хоёроор гарсан нь шөвгийн 16-д оноолт таарахааргүй болсон сугалааны хоёрдугаар байрын “В” сагсны багуудын хөх инээдийг хүргэн баярлуулж, харин эсрэгээрээ “А” сагсны Бенфикагаас /нэг хэсгийнх тул оноолт таарахгүй/ бусад шилдэг долоон багийг айдаст авахууллаа. Арабын газрын тосны тэрбумтэн эзэнтэй Францын ПСЖ нь энэ удаагийн Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлэх хамгийн их магадлалтай хүчирхэг баг юм.
Спортын судлаач шинжээчид, хөлбөмбөгийн амьд домог Месси, хуучин шинэ од Неймар, Мбаппе нарын бүрэлдэхүүнтэй ПСЖ-тэй оноолт таарсан баг шөвгийн 16-д тус багт хожигдож Аваргуудын лигийн тэмцээнээ дуусгана гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа ажээ. ПСЖ-тэй оноолт таарсан багийн тухайд “бөмбөг бөөрөнхий, үр дүн яаж ч өөрчлөгдөж болно”, “хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээнэ”, “спортод аз гэж байдаг” гэсэн ойлголт төсөөлөл огт тохиолдохгүй гэж ам бардам ярьцгааж байна.
Хэсгийн шат эхлэхээс өмнө, улмаар хэсгийн шатны зургаан тойрог дуусах хүртэлх өнгөрсөн ес, аравдугаар сарын турш ПСЖ багийг “Н” хэсгээс нэгдүгээр байраар шөвгийн 16-д шалгарна гэсэн урьдчилсан таавар будилж Португалын Бенфика баг адилхан дөрвөн хожил, хоёр тэнцээний 14 оноотой, гоолын 16-7 гэсэн ижил үзүүлэлттэйгээр өмнө нь гишгэлээ. Сугалаагаар оноолт эцэслэн шийдэгдэх 11 дүгээр сарын 14 хүртэл өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн цомын эзэн Испанийн Реал М, Английн Манчестэр Сити, Челси, Тоттенхэм, Германы Бавари М, Италын Наполи, Португалын Порту гэсэн, сугалааны “А” сагсны шилдэг долоон багийн дасгалжуулагч, тоглогчдыг “ПСЖ-тэй манайх таарах вий” гэсэн айдас болгоомжлолд автсан өдөр хоногууд хүлээж байна.