Аваргуудын лиг. Шөвгийн 16-гийн 12 баг тодорлоо. Бусад 4 нь XI.1, 2-нд эрхээ авна

0
155

 

Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос Европ тивийн хөлбөмбөгийн багуудын дунд жил бүр зохион явуулдаг олон улсын тэмцээн Аваргуудын лигийн Хэсгийн шатны V тойргийн тоглолтууд манайхаар X.26, 27-ны лхагва, пүрэв гаргийн өглөө боллоо. Сүүлчийн VI тойргийн тоглолтууд дараа сар XI.1, 2-нд болсноор Хэсгийн шатны тэмцээн өндөрлөж хасагдах плей-оффын шатанд шалгарсан шөвгийн 16 багийн нэр бүгд эцэслэн тодорно.

Дашрамд хэлэхэд, Европын шилдэг 32 баг дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Хэсэгтээ эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд плей-оффод шалгарч ирэх 2023 оны хоёрдугаар сараас эхлэн хасагдах 1/8, 1/4, 1/2 шатанд өрсөлдөж дараалсан гурван давааны халз тоглолтод ялагчаар тодорсон сүүлчийн хоёр баг Аваргын алтан медаль, Цомын төлөө финалд тоглох дүрэмтэй. Аваргын цомын төлөөх финалын тоглолт ирэх 2023 оны зургадугаар сарын 10-нд Туркийн нийслэл Стамбул хотын төв цэнгэлдэхэд болно.

Хэсгийн шат өндөрлөхөөс нэг тойрог дутуу байхад энэ удаагийн V тойргийн дараах байдлаар шөвгийн 16-д шалгарсан 12 багийн нэр тодорлоо. Хасагдах шатны плей-оффод өрсөлдөх болзлоо урьдчилан биелүүлж тасалбар халаасалсан багууд:

__ Английн 3 баг. Ливерпүүл, Челси, Манчестер Сити

__ Германы 2 баг. Бавари М, Борусси Д

__ Италын 2 баг. Наполи, Интер

__ Португалын 2 баг. Порту, Бенфика

__ Испанийн 1 баг. Реал М

__ Францын 1 баг. ПСЖ

__ Бельгийн 1 баг. Брюгге.

Хэсгийн шатны төгсгөлийн, XI.1, 2-нд болох VI тойрогт шөвгийн 16-д шалгарах үлдсэн 4 эрхийн төлөө багууд өрсөлдөнө. Үүнд, /оноо нь саран хаалтад/

D хэсгийн нэг, хоёрдугаар байрын 2 эрхийн төлөө нийт дөрвөн баг. Марсель (6)- Тоттенхэм (8), Спортинг (7)- Франкфурт (7) гэсэн зэрэг явагдах хоёр тоглолтын үр дүнгээр шийдэгдэнэ.

E хэсгийн хоёрдугаар байрын 1 эрхийн төлөө хоёр баг. Милан (7)- Зальцбург (6). Тэнцэхэд л Италын Милан, заавал хожиж байж өрсөлдөгч Австрийн баг шалгарна.

F хэсгийн хоёрдугаар байрын 1 эрхийн төлөө хоёр баг. Шактёр (6)- Лейпциг (9). Тэнцэхэд л Германы Лейпциг, заавал хожиж байж өрсөлдөгч Украины баг шалгарна.

Аваргуудын лигийн 68 дахь энэ удаагийн тэмцээний Хэсгийн шатнаас тус лигийн Цомыг урьд өмнө нь өргөж байсан Испанийн Барселона, Атлетико М, Италын Ювентус, Ниделандын Аякс, Шотландын Селтик баг цааш плей-оффод шалгарч чадсангүй. Харин үлдсэн 4 эрхийн төлөөх өрсөлдөөнд Аваргын цомыг долоон удаа хүртэж байсан Италын Милан, 1993 оны аварга Францын Олимпик Марсель баг үлдсэн байгаа.