Аваргуудын лиг. Домогт багуудаас “Ювентус” тэмцээнээ дуусгалаа, одоо “Барселона” яах бол

0
128

 

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн Аваргуудын лигийн 68 дахь удаагийн тэмцээний Хэсгийн шатны E, F, G, H дөрвөн хэсгийн V тойргийн найман тоглолт манайхаар X.26-ны лхагва гарагийн үүрээр боллоо. Бусад A, B, C, D хэсгийн V тойргийн тоглолтууд X.27-ны пүрэв гарагийн үүрээр болно. Хэсгийн шатанд найман хэсэг тус бүрт 4 баг өрсөлдөж нийт зургаан тойрог тоглож эхний хоёр байр эзэлсэн, нийт 16 баг хасагдах шатны плей-оффод шалгарах дүрэмтэй.

Хамгийн төгсгөлийн VI тойргийн тоглолтууд долоо хоногийн дараа 11 дүгээр сарын 1, 2-нд болсноор эцсийн дүн гарч Хэсгийн шат өндөрлөнө. Хөлбөмбөгийн XXII ДАШТ удахгүй ирэх 11 дүгээр сарын 20-нд Арабын Катар улсад эхлэх учраас Хэсгийн шатны тэмцээн урьд жилүүдийнхтэй харьцуулахад эрт дуусах шахуу хуваарьтай явагдаж байна.

Челси, Реал М, Ман Сити, ПСЖ, Бенфика Хэсгээсээ шалгарлаа

V тойргийн лхагва гарагт болсон тоглолтуудын үр дүн:

__E хэсэг: Зальцбург (Австри) – Челси (Англи) 1:2, Динамо З (Хорват) – Милан (Итал) 0:4. Хэсгийн шат өндөрлөхөд нэг тойрог дутуу байхад Челси 10 оноотой болж хэсгээсээ шалгарч шөвгийн 16-д тоглох тасалбараа урьдчилан халаасаллаа. Төгсгөлийн зургадугаар тойрогт 7 оноотой Милан өөрийн талбайдаа 6 оноотой Зальцбургийг хүлээн авч тоглоно. Аль баг нь хэсгээсээ хоёрдугаар байраар плей-оффод шалгарах нь өөрсдөөс нь шалтгаалах үр дүнгийн төлөөх жинхэнэ “тулаан” болно. Одоогоор 4 оноо, хасах 6 гоолын үзүүлэлттэй Динамо 3 баг Английн Лондон хотод зочлон Челситэй тоглоно.

__F хэсэг: Лайпциг (Герман) – Реал М (Испани) 3:2, Селтик (Шотланд) – Шахтер (Украин) 1:1. Нэг тойрог дутуу байхад Реал М 10 оноогоор хэсгээсээ шалгарч шөвгийн 16-д тоглох эрхээ авлаа. Зургадугаар тойрогт Шахтёр /6 оноо, гоолын зөрүү нэмэх 2/ баг хоёрдугаар байраар хэсгээсээ шалгарах эсэхээ Лайпцигийг /9 оноо, гоолын зөрүү 0/ хүлээн авч шийднэ. Хожвол Украины баг, тэнцэхэд л Германы баг шөвгийн 16-д шалгарна. Одоогоор хоёр оноотой Селтик нь Реал М-ын талбайд тоглох бөгөөд хэсэгтээ сүүл мушгиж Аваргуудын лигийн тэмцээнээ Хэсгийн шатанд өндөрлүүлж байгаа.

__G хэсэг: Борусси Д (Герман) – Манчестер Сити (Англи) 0:0, Севилья (Испани) – Копенгаген (Дани) 3:0. Нэг тойрог дутуу байхад Ман Сити баг 11 оноогоор хэсгээсээ шалгарч шөвгийн 16-д тоглох болзол хангалаа. Төгсгөлийн зургадугаар тойрогт 8 оноотой Борусси Д баг Данийн нийслэлд зочилж 2 оноотой яваа Копенгагентай тоглох бол 5 оноотой Севилья Англид зочлон Ман Ситигийн талбайд тоглоно. Бодит байдлыг үнэлж дүгнэхэд Борусси Д хэсгээсээ хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарах магадлал 99.99 хувьтай байна. Данийн Копенгаген баг Аваргуудын лигийн тэмцээнээ Хэсгийн шатанд дуусгах нь нэгэнт тодорхой болсон.

__H хэсэг: ПСЖ (Франц) – Маккаби Х (Израил) 7:2, Бенфика (Португал) – Ювентус (Итал) 4:3. Нэг тойрог дутуу байхад ПСЖ, Бенфика баг тус бүр 11 оноо авснаар хэсгээсээ шалгарч шөвгийн 16-д тоглох тасалбараа халаасаллаа. Нэгэн үед Италын төдийгүй Европын хөлбөмбөгийн багуудын нэрийн хуудас болж явсан домогт Ювентус баг хэсгийн хоёрдугаар байрын төлөөх гол өрсөлдөгч Бенфикатай талбайд нь тоглож 3:4-өөр хожигдсоноор Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс Хэсгийн шатанд хасагдлаа. Тус баг таван тойргийн дараа ердөө 3 оноо, хасах гурван гоол /8-ыг хийж, 11-ийг алдсан/ гэсэн үзүүлэлтэй байгаа ба төгсгөлийн зургадугаар тойрогт өөрийн талбайдаа ПСЖ-тэй тоглоно. Хожсон ч Хэсгээс шалгарсан багуудыг оноогоор гүйцэх боломжгүй, таван оноо дутна. Мөн 3 оноотой, хасах есөн гоолын /6-15/ зөрүүтэй Маккаби Х талбайдаа Бенфикатай тоглоно.

Хэсгийн шатны V тойргийн A, B, C, D-ын тоглолтын хуваарь

Эдгээр V тойргийн тоглолтууд эхлэхээс өмнө, Хэсгийн шатны эхний дөрвөн тойрогт амжилттай тоглосон Германы Бавари М болон Италын Наполи баг шөвгийн 16-д шалгарах нь тодорхой болж плей-оффод өрсөлдөх болзлоо хангасан. Тус хоёр багт одоо хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарахын төлөөх үр дүнгийн тоглолтууд хийх л үлдсэн. Харин Германы Бавари М-тэй нэг C хэсэгт орсон Испанийн домогт Барселона баг, Италын шилдэг баг Интер хоёрын аль нэг нь Хэсгийн шатнаас цааш шалгарч чадалгүй Аваргуудын лигийн энэ жилийн тэмцээнээ дуусгах бодит байдал үүсээд байна. Ямар баг нь Хэсгээс шөвгийн 16-д шалгарах эсэх нь энэ V тойргийн Бавари М-Барселона болон Интер-Виктори П /Чехийн/ тоглолтуудын үр дүнгээр эцэслэн шийдэгдэнэ. A, B, C, D хэсгийн найман тоглолт манайхаар лхагва гаргаас пүрэвт шилжих шөнийн үүрээр болно. Үүнд:

__A хэсэг: Аякс (оноо 3, гоол 8-12) – Ливерпүүл (оноо 9, гоол 12-6),

Наполи (оноо 12, гоол 17-4) – Рейнжерс (оноо 0, гоол 1-16)

__B хэсэг: Брюгге (оноо 10, гоол 7-0) – Порту (оноо 6, гоол 6-6),

Атлетико М (оноо 4, гоол 2-5) – Байер Л (оноо 3, гоол 2-6),

__C хэсэг: Бавари М (оноо 12, гоол 13-2) – Барселона (оноо 4, гоол 8-7),

Интер (оноо 7, гоол 6-5) – Виктори П (оноо 0, гоол 3-16)

__D хэсэг: Франкфурт (оноо 4, гоол 3-6) – Марсель (оноо 6, гоол 6-4),

Тоттенхэм (оноо 7, гоол 5-4) – Спортинг (оноо 6, гоол 6-6) баг.