Бүх нийтийн санал асуулгын ирц Донецк, Луганскад бүрдэж хүчинтэйд тооцогдохоор болов

0
76

Укрианаас 2014 онд салан тусгаарласан БНДонецк ард улс, БНЛуганск ард улс болон ОХУ-ын армид эзлэгдсэн Укрианы Запарожье, Херсон мужид ОХУ-тай нэгдэх эсэх талаар Бүх  нийтийн санал асуулга өнөөдөр /IX.26/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Санал асуулга дээрх дөрвөн газар тус бүрт тав хоногийн хугацаатай явагдаж байгаа. Маргааш есдүгээр сарын 27-ны орой дуусч дүн нь гарна. Сонгуулийн нэгэн адил Бүх нийтийн санал асуулга 50 хувиас дээш ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцогддог. Гурван өдрийн дараа гэхэд Донецкод ирц 55 хувьд, Луганскад 76,09 хувьд хүрлээ гэж тус хоёр улсын Бүх нийтийн санал асуулгын хорооноос мэдээллээ. Нэгэнт ирц  хүрсэн тул ОХУ-тай нэгдэх эсэх талаар иргэд, оршин суугчдын өгсөн саналын нийт дүн хүчинтэйд тооцогдох нь баталгаатай боллоо. Харин Запарожье, Херсон мужид ирц ямар байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

Бүх нийтийн санал асуулгын хуудас нь адил стандарттай, асуултын өгүүлбэр доторх улс, мужийн нэр нь хаана болж байгаагаас хамаарч өөр өөр бичигджээ. Асуулга нь оросоор “Вы за вхождение  /улс, мужийн нэр/  в состав Российской Федерации на правах субъекта Российской Федерации” гэсэн ганцхан өгүүлбэртэй. Утгачилбал, монголоор Та /улс мужийг/ ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орж ОХУ-ын хуулийн бүрэн эрхэт субъект болохыг зөвшөөрч байна уу гэж орчуулж болох юм. Өгүүлбэрийн доор  тийм, үгүй гэсэн  “ДА”, “НЕТ” хоёр орос үгийг доош нь цувруулан бичсэн, тус бүр нь ардаа саналын тэмдэглэгээ хийх хүрээтэй тэгш өнцөгт дөрвөлжинтэй. Санал өгөгч ТИЙМ, ҮГҮЙ гэснээс зөвхөн нэгийг нь сонгож тэмдэглэгээ хийнэ. Хоёуланг нь тэмдэглэх, эсвэл огт тэмдэглээгүй тохиолдолд тухайн хүний санал хүчингүйд тооцогдоно, гагцхүү ирцэд бүртгэгдэх ажээ.

Ерөнхийлөгч В.Путин Бүх нийтийн санал асуулгын дүнг нэгтгэсний дараа, хэрвээ ОХУ-тай нэгдэнэ гэсэн дүн гарвал есдүгээр сарын 30-ны баасан гарагт Холбооны хурал дээр мэдэгдэл хийж, 2014 онд Крымийг Бүх нийтийн санал асуулгын дараа ОХУ-д нэгтгэсэнтэй нэгэн адил үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

БНДонецк ард улс, БНЛуганск ард улс, Запарожье, Херсон мужийн нийт нутаг дэвсгэр нь 113 мянган кв.км, зарим эх сурвалж 90 мянган кв.км гэж мэдээлсэн. Алин боловч ойролцоогоор Украины нийт нутаг дэвсгэрийн 15 хувь ажээ. Эдгээр хоёр улс, хоёр муж, дөрвүүлээ ОХУ-д Бүх нийтийн санал асуулгын дүнгээр нэгдвэл тус улсын хил баруун тийшээ татагдаж Украин улстай 1000 гаруй км-ээр хил залгана гэсэн үг. Оросын тал нь газар нутгийн маргаантай ийм урт хилээр Украинтай хил залгана гэж урьдчилан тооцоолж, тийм ч учраас Ерөнхийлөгч В.Путин улсынхаа баруун талын энэ хэсгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эхний ээлжид Цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаар нөөц 20-25 сая бие бүрэлдэхүүнээс 300 мянган цэрэг эрсийг армид татах зарлиг гаргасан байх магадлалтай. “Цэргийн ажиллагаа” албан ёсоор Украин-ОХУ, хоёр улсын дайн болж өргөжвөл тэрбээр Цэргийн бүрэн дайчилгаа явуулах, тэр ч бүү хэл Онц байдал тогтоох зарлиг гаргаж болзошгүй гэж гадаадын ажиглагчид үзэж байна.