Гадаад бодлого. Барын зодооныг ухаалаг сармагчин уулан дээрээс харна

0
92

 

/Цуурхлын “гэрийн хорионд” орсон БНХАУ-ын дарга Си Жиньпин ямар ч асуудалгүй, ажлаа хийж байна. IX.30-нд Бээжингийн Тяньаньмэний талбайд болох ёслолд оролцоно/

Цуурхал Цуурхлыг, задлах бүрт дотроос нь бас ижил хүүхэлдэй гардаг Орос тоглоом шиг төрүүлдэг. Хятадад Төрийн эргэлт гарлаа цуурхлыг манай зарим нөхөд нэмж хүч оруулан ихээр цуурхжээ.

УИХ-ын Намрын чуулган 10 дугаар сарын 3-нд эхэлж 11 дүгээр сарын 15 гэхэд Засгийн газраас өргөн барьсан ирэх жилийн (2023 он) Төсвийн төслийг эцэслэн батална. УИХ-ын эрхэм гишүүд хамгийн чухал ажлаа хийнэ. Цаана нь Намрын чуулган хуульд зааснаар хамгийн багадаа ажлын 75 хоног хуралдах нийт хугацаанаас цэлийсэн 40 өдөр үлдэнэ. Эрхэм гишүүдийн олонх нь улс орны амин чухал асуудал Төсвийн төслийг баталсны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал руу шуурхайлан орж, УИХ-ын гишүүдийн тоог 76 дээр нэмж олон болгох шинэ заалтыг оруулах туйлын хүсэл сонирхолтой байгаа. Уг нь парламентад суудалтай гурван нам манлайлан улстөрийн бүх хүчнүүд эв саналаа нэгтгэн нэгэн зэрэг зориглон хөдөлж, Бурхан чандмань гурвын тоонд дуртай, Чөтгөр гурвалжин гоймонд дуртай гэдэг шиг Үндсэн хуульд гурван гол өөрчлөлт оруулахаар шамдан 2019 оны нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ноос хойш улстөрийн үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Засгийн газрын гишүүний давхар дээлийн 1+4-ийн тоог заасан зүйл заалтыг авч хаяж хязгааргүй болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэсэн гурван өөрчлөлтийн эхний хоёр нь хийгдээд байна. Үүнд,

__Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны №1 тогтоолын шууд үр дүнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг дан ганц Мажоритор системээр бус Пропорционал, Мажоритарын холимог системээр явуулна.

__Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны  №2 тогтоолыг УИХ-аас 8 дугаар сарын 25-нд давхардуулан баталгаалжуулж  Үндсэн хуульд байсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг хүчингүй болгосны үр дүнд Засгийн газрын бүх гишүүн бүгдээрээ УИХ-ын гишүүний давхар дээлтэй байх нь зөвшөөрөгдсөн.

            Харин Үндсэн хуульд шинээр оруулахаар зорьсон гурав дахь нь болох УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай МУ-ын хуулийн дагуу явуулахаар УИХ-ын 2022 оны Хаврын чуулганаас шийдвэрлэж чиг өгсөн. Энэ хуулийн өөрчлөлт оруулах үндсэн зарчмын гол заалтын нэг нь “ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах” гэсэн үг өгүүлбэртэй.

Наадмын өмнө УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо арваад хоног ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Гишүүдийн тоог нэмбэл ард иргэд дэмжих эсэх талаар тандалт явуулсан. Гэтэл сонгогчдын 60 хувь нь дэмжихгүй байна гэсэн хариу гарсан байдаг. Энэ тандалтын сөрөг хариунаас хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хуульд заасан заалтын дагуу ард иргэдээс дэмжлэг авах гэсэн улстөрийн фракцынхан урьд хойд хөршид улстөрийн нөхцөл байдал ямар байгааг харцгаа, ийм үед УИХ-ын маш олон гишүүтэй байвал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хөдөлшгүй гагнаатай, бусад орноос хараат бус байх тухай ухуулгын мессежийг олон нийтийн цахим сүлжээгээр цацаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урд хойд хөрш  улстөрийн  тогтворгүй байдалд оршиж байгаа гэж ард иргэдээ айлгадаг болсон. Хаашаа юм бэ, манай УИХ хоёр зуун гишүүнтэй болбол манай тал түдгэлзэх байр сууриа илэрхийлсэн Украин-Оросын дайн, манай талаас нэг Хятад гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн Тайвань Хятадын зөрчлийг шийдэхэд тооноос чанарт гэдэг шиг одооныхоос илүү тэдний талд нөлөөлөх гээд байгаа юм уу, эсвэл тэднээс ирж болзошгүй тулгалтын нэг гишүүнд ногдох ачааллыг бууруулах юм уу, ёстой хэн мэдлээ.

Саяхан хаанаас ч юм бэ санаатайгаар, олон улсын цахим сүлжээгээр Хятадад төрийн эргэлт гарч БНХАУ-ын дарга Си жиньпинг гэрийн хорионд орууллаа гэсэн цуурхал, хуурамч мэдээ мэдээлэл цацагдсан. Ирэх 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 73  жилийн ой болно. Хятад даяар уламжлал ёсоор долоо хоног амарна. Энэ удаад 0, 5 тоогоор төгссөн онцгойлон тооцогддог ой тохиогоогүй болохоор баярын томоохон ёслолтын арга хэмжээ, тэр дундаа Цэргийн парад хийхээр төлөвлөөгүй ажээ.

Төрийн эргэлт гарсан цуурхлыг, муу эр дайнд хөөрнө гэгчээр манайхны зарим нөхөд хөгжөөгөөд байгаа болохоос “халуун цэг” нийслэл Бээжинд тайван амгалан урьдын адил амьдрал үргэлжилж байгааг олон улсын нэр  хүндтэй сонин хэвлэл, сайт мэдээлж байна. “Бээжинд аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлж шат ахиулсан ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд сонин, телевиз, мэдээллийн агентлагуудын вэб сайтууд тогтмол ажиллаж, олон нийтийн сүлжээ тасалдал байхгүй, хэвийн ажиллаж байна. Зорчигчид хүссэн  чиглэлдээ нисэх онгоц, галт тэрэгний тасалбарыг ердийнхөөрөө худалдаж авах боломжтой, гагцхүү Улс тунхагласны баярын долоо хоногийн өмнөхөн учраас харьцангуй үнэтэй, оочир дараалал ихтэй байна” гэх зэргээр бичжээ. Ташрамд дуулгахад, цуурхлын “гэрийн хорионд” орсон БНХАУ-ын дарга Си Жиньпин есдүгээр сарын 30-нд Бээжингийн Тяньаньмэний талбайд болох ёслолд тус улсын төр засаг, Хятадын Коммунист намын удирдах албан тушаалтнуудыг тэргүүлэн оролцох ажээ.

Дорно дахины “Барын зодооныг ухаалаг сармагчин уулан дээрээс харна” гэсэн мэргэн үг байдаг. Манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлогыг зангиддаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар товчхондоо энэ мэргэн үгийн зарчмаар, өргөн утгаараа эзэн Чингис хаанаас улбаалсан “алтан аргамж”-ийн гадаад бодлогоо барьж зөв яриатай, зөв бодолтой, зөв үйлтэй яваа гэж монголчууд бидэндээ үнэлэгдэж байгаа.

 

Эх сурвалж: aguulga.mn