Украины 4 муж ОХУ-д нэгдэж, Оросуудын “эх орноо” хамгаалах Цөмийн цохилтоос болгоолжилсноор Дайн зогсох…

Украины зүүн захын бүс нутаг, Оросын улс төр, цэргийн хяналтад байгаа Луганск, Донецк, Херсон, Запорожье мужид “ОХУ-тай нэгдэх” Бүх нийтийн санал асуулга гурав дахь хоногтоо (IX.25) явагдаж байна. Украины нийт нутаг дэвсгэрийн нийт 15 хувийг эзэлдэг, нийт 9,3 сая хүн амтай (дайнаас өмнөх албан ёсны тоо) эдгээр дөрвөн муж тус бүрт нь зохион байгуулагдаж буй Бүх нийтийн санал асуулга тав хоног үргэлжилж IX.27-ны мягмар гарагт дүн нь гарна.
Орос-Украины зарлаагүй дайн 4,28 сая хүн амтай Донецк, 2,21 сая хүн амтай Луганскт 2014 онд Украинаас салан тусгаарласнаас хойш долоон жилийн турш болж байна. Түүнчлэн 1,78 сая хүн амтай Запорожье, 1,06 сая хүн амтай Херсон муж нь Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн энэ 2022 оны хоёрдугаар сараас хойш долоон сарын турш зарлаагүй дайны талбар, орчин цагийн цэргийн супер зэр зэвсгийн буудлагын байны “самбар” болж байна. Эдгээр дөрвөн мужийн оршин суугчид бүгдээрээ дайны хүнд бэрхийг амсаж эрүүл мэнд, амь нас, эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол үзэж буй болохоор эх орон Украинаасаа урваж байгаадаа биш зарлаагүй дайн бушуухан дуусаасай гэсэн ганцхан хүсэл зорилгоор ОХУ-тай нэгдэх Бүх нийтийн санал асуулгад идэвхийлэн оролцож байна. Хэрвээ оршин сууж ажиллаж амьдарч байгаа муж нь ОХУ-ын харьяанд орвол тус улс Украиныг Цөмийн зэвсгээр айлган сүрдүүлж эзлэгдсэн мужуудаа Оросуудаас чөлөөлөх Украины цэргийн давшилтыг зогсоно. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай нэгдэх санал өгөх нь зарлаагүй дайн дуусч дайны дараах энх цагийн хэвийн амьдралдаа эргэн орох ганц боломж гэж тэдгээр иргэд үзэж байна.
Эргэн санахад, Дэлхийн II дайныг түргэн дуусгахын тулд Америкууд 1945 оны наймдугаар 6, 9-нд Японы Хиросимо, Нагасаки хотод атомын бөмбөг хаяж Японы талыг үг дуугүй бууж өгөхөд хүргэсэн түүхтэй. Үүнээс тав хоногийн дараа Японы эзэн хаан Хирохито ямар ч болзолгүйгээр бууж өгөх тухай гарын үсэг зурах тогтоолыг дэмжиж улмаар 1945 оны наймдугаар сарын 15-нд Япон бууж өгөхөө зарласан. Эцэст нь Дэлхийн II дайныг албан ёсоор дуусгаж бууж өгөх тухай актад есдүгээр сарын 2-нд гарын үсэг зурагдсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 77 жилийн турш Америкууд цөмийн зэвсэг хэрэглэсэн нь Японы тал бууж өгч Дэлхийн II дайнд цэг тавихад ямар үүрэг гүйцэтгэсэн болон үүнийг зөвтгөх эсэх талаар хүмүүс дэлхий даяар хоёр талцан маргаж байгаа.
Бүх нийтийн санал асуулгын өмнөх тандалтаар бүс нутгийн оршин суугчдын ОХУ-тай нэгдэх бодол нь Донецкод 97, Херсонд 89, Запорожьед 87 хувь байсан нь Ерөнхийлөгч В.Путинд 113 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр тус улсад “бэлэг” болж орж ирнэ гэдэг итгэлийг төрүүллээ. Тиймээс тэрбээр Бүх нийтийн санал асуулгын дүнг дэмжинэ хэмээн мэдэгдэж дээрх дөрвөн мужийг нэгтгэх ажлыг маш богино хугацаанд ОХУ-ын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн. Үйл явдал өөрт нь эерэг тусна гэдэгт дэндүү итгэлтэй байгаа Ерөнхийлөгч В.Путин Бүх нийтийн санал асуулгын дүнг нэгтгэсний дараа есдүгээр сарын 30-ны баасан гарагт Холбооны хурал дээр мэдэгдэл хийж, 2014 онд Крымийг Бүх нийтийн санал асуулгын дараа ОХУ-д нэгтгэсэнтэй нэгэн адил үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Донецк, Луганск, Херсон, Запорожье ОХУ-д нэгдэж орсноор тус улсын хилийн шугам баруун тийш шилжиж Украины Харьков, Днепропетровск, Николаев гэсэн гурван мужтай тулж хиллэнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Оростой нэгдсэний дараа Украин улс Донбассыг эргүүлэн авах аливаа оролдлогыг ОХУ руу хийсэн дайралт гэж үзнэ” гэж мэдэгдлээ. Энэ үг өгүүлбэр нь В.Путиний сүрдүүлэг гэж, “ОХУ-аас Цөмийн зэвсгийн талаар баримтлах төрийн бодлого” баримт бичгийн дагуу эх оронд нь дайсан этгээд түрэмгийллээ гэж үзэж Цөмийн зэвсэг хэрэглэх болно гэж урьдчилсан сануулга хэмээн олон улсад ойлгогдож байна.
Ерөнхийлөгч В.Путин 2020 оны зургадугаар сарын 2-нд ОХУ-аас Цөмийн зэвсгийн талаар баримтлах төрийн бодлого гэсэн зарлиг гаргаж Цөмийн зэвсэг хэрэглэх зайлшгүй тохиолдлын жагсаалтад гарын үсэг зурсан. Урьд нь 2010 онд Д.Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Цөмийн зэвсэг хэрэглэх талаарх энэ дүрэм журмыг зарлиг буулгаж гаргасан гэж яригддаг байсан ч түүнийгээ нууцалж байлаа. Харин В.Путиний зарлиг буулгаж баталсан Цөмийн зэвсгийн талаарх баримт бичгийг гарсан дор нь олон нийтэд ил болгосон. Жагсаалтад ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд бусад улс халдан довтолбол хязгаарлагдмал түвшинд эхэлж Цөмийн цохилт өгөх заалт байдаг.
Луганск, Донецк, Херсон, Запорожье мужийн оршин суугчид Украин эх орноосоо “урван” байж ОХУ-тай нэгдэх санал өгч ОХУ-Украины зарлаагүй дайныг зогсоох эхний урьдчилсан нөхцөл бүрдүүлэх нь тодорхой боллоо. Одоо В.Зеленский Ерөнхийлөгч тэргүүтэй одоогийн Украины удирдлага ОХУ-ын шинэ тогтоосон хил рүү, эзлэгдсэн 113 мянган км.квадрат газраа буцааж авна гэж довтлохгүй байж зарлаагүй дайн зогсох нөхцөл байдлыг бодит үйлдэл болгож биелүүлэх үүрэг ногдлоо.
Ерөнхийлөгч В.Зеленскийд “давагдашгүй хүчин зүйл”-ийн буулган дор хүнтөрөлхтөний төлөө цөмийн дайн гаргахгүйн тулд зөв шийдвэр гаргахаас өөр гарц үлдсэнгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин одоохондоо “Жингийн цуваа явж л байна. Жингэр нохой хуцаж л байна” гэдгийн үлгэрээр болж буй үйл явдалд харьцангуй тайван байгаа. Гэхдээ “харьцангуй тайван” гэдэг ойлголт цаг хугацааны хэмжүүрт орохоор бас л харьцангуй байдгийг өнгөрсөн түүх харуулдаг билээ.
Эх сурвалж: aguulga.mn