X.3-нд эхлэх Намрын чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдвал 2023.I.17-нд өндөрлөнө

0
99

УИХ-ын тухай хуульд, Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт хуралдана гэж заасан. Гэхдээ “Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус хуулийн 18.2-оор зохицуулсан. Энэ 2022 оны 10 дугаар сарын 1-нь долоо хоногийн амралтын бямба гарагтай давхцах учраас дараагийн эхний ажлын өдөр нь 10 дугаар сарын 3-нд  таарч байгаа. Иймээс 2022 оны Намрын чуулган ирэх 10 дугаар сарын 3-ны даваа гарагт нээлтээ хийх нь ээ.

Аравдугаар сар ажлын 21, арваннэгдүгээр сар Их эзэн Чингис хааны төрсөн баярын амралтыг /XI.24-ний пүрэв гараг/ хасаад ажлын 21, Арванхоёрдугаар сар Үндэсний эрх чөлөөний тусгаар тогтнолоо сэргээсний баярын амралтыг /XII.29-ний пүрэв гараг/ хасаад ажлын 21 өдөртэй. Намрын чуулган эхэлснээс хойш он дуустал нийтдээ ажлын 63 өдөртэй. байна. Өөрөөр хэлбэл Намрын чуулган энэ 2022 онд нийт 63 өдөр болно, хуульд заасны дагуу 75-аас доошгүй ажлын өдөр хуралдана гэж тооцоход шинэ 2023 оны нэгдүгээр сард ажлын 12 өдөрт үргэлжилж нэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт хаалтын хуралдаанаа хийж өндөрлөх болно.

Энд Намрын чуулган зайлшгүй үргэлжлэх хамгийн бага хугацааг ярилаа. Урьд өмнөх Намрын чуулган нь олонтаа 75-аас олон ажлын өдөр хуралдаж жил бүрийн хоёрдугаар сард болдог Цагаан сарын өмнөхөн өндөрлөж байлаа.

Ташрамд хэлэхэд УИХ-ын чуулган нь

  • Нэгдсэн хуралдаан
  • Байнгын хорооны хуралдаан
  • Дэд хорооны хуралдаан
  • Түр хорооны хуралдаан
  • Намын /эвслийн/ бүлгийн хуралдаанаас бүрддэг.

Намрын чуулганаар эрхэм гишүүдийн хийх хамгийн чухал том ажил нь Засгийн газраас өргөн барьсан ирэх жилийн /2023 он/ Төсвийн төслийг хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах явдал юм.