Тив, Дэлхийн хөлбөмбөгийн АШТ-ээс хасагдсан Оросын шигшээ баг бямбад Киргизтэй нөхөрсөг тоглолт хийнэ

0
26

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА болон Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг, клубүүдийг Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас Тив, Дэлхийн АШТ, өөрсдийн зохион байгуулж буй олон улсын бусад тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан. Саяхан гэхэд, Европ тивийн АШТ “Евро 2024”-ийн урьдчилсан шатны оноолт гаргах сугалаанд нэрийг нь оруулалгүй хаслаа. Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА өөрийн гишүүн ОХУ-аас бусад 53 улсын шигшээ багуудыг оноолтын сугалаанд нэрийг нь зоожээ.

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг өмнө нь энэ 2022 оны 11 дүгээр сард Катар улсад эхлэх ДАШТ-ээс хасагдсан бол одоо 2024 оны 6 дугаар сард болох Германд болох Европ тивийн АШТ-д оролцох эрх нь хаагдлаа. Мөн хөлбөмбөгийн клубүүдийнх нь Европын цомын тэмцээн -Аваргуудын лиг, Евро лигт оролцох эрхийг хассан.

Хэзээ нэгэн цагт Украин дахь дайн дуусч ФИФА, УЕФА нь Оросын хөлбөмбөгчдөд тавьсан хоригоо цуцлах нь мэдээж. Тэмцээнд оролцох эрх нь нээгдэх цаг хүртэлх хугацаанд хөлбөмбөгчдийнхөө ур чадвар, тоглолтын арга барилыг өнөөдрийн түвшинд барьж байхын тулд Оросын Хөлбөмбөгийн холбоо (RFU), улс эх орныг нь дайны буруутан гэгдсэн одоо цаг дор бусад улсын Хөлбөмбөгийн холбоонд хандаж манай шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ үү гэж царайчлан гуйж явна. Нөхөрсөг тоглолт нь ФИФА, УЕФА-гаас хамааралгүй, харин тухайн улсуудын Хөлбөмбөгийн холбоодын шийдвэрээр зохион байгуулагддаг дүрэмтэй.

Хэдийгээр улстөрөөс спорт ангид байх ёстой гэж Дэлхий даяар тунхаглан зарладаг ч, амьдрал дээр энэ нь ердөө уриа байдаг нь нууц биш. Оросын Хөлбөмбөгийн холбоо өөрийн улстай нь одоогоор дайсагналын түвшнээс арай наагуур харилцаатай зарим улсын Хөлбөмбөгийн холбоодтой хэл амаа ололцон хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаа нөхөрсөг тоглолт хийлгэхээр тохирч чаджээ. Эдгээрийн нэг нь маргааш 9 дүгээр сарын 24-ний бямба гарагт болох

_ Киргиз-ОХУ, нөхөрсөг тоглолт юм. Тус тоглолт Киргиз улсын нийслэл Бишкек хотын төв цэнгэлдэхэд болно. Бишкек нь 1990 оноос өмнө Фрунзе /цэргийн жанжин/ гэсэн нэртэй байсан. МУ-ын анхны Сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй манай олон эрхэм тус хотод дээд боловсрол эзэмшжээ.

_ ОХУ-Босни Герцеговин, нөхөрсөг тоглолт. Оросын Санкт-Петербург хотын төв цэнгэлдэхэд 11 дүгээр сарын 19-нд болох урьдчилсан тов гарсан. Гэвч Боснийн шигшээ багийн ахлагч Эдин Жеко, шилдэг тоглогч Миралем Пянич тэргүүтэй хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийхийг эсэргүүцсэн яриа гаргасан. Харин тэдний эсэргүүцлийг зогсоохын тулд Босни Герцеговины Хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хороо 10 дугаар сарын 10-ны хурлаараа албан ёсны шийдвэр гаргана гэж тус холбооны тэргүүн Вико Зелжкович саяхан мэдэгдсэн.

_ Иран-ОХУ, нөхөрсөг тоглолт. 11 дүгээр сарын сүүлийн хагаст болно. Тоглолтын тодорхой товыг ойрын үед зарлана гэж хоёр талын Хөлбөмбөгийн холбоо мэдэгдээд байна.