Санал асуулгаар Украины 4 муж ОХУ-д дагаар орвол нөхцөл байдал “To Be or Not to Be”-д хүрэх үү

0
31

 

/Дөрвөн муж дахь Орост нэгдэх Бүх нийтийн санал асуулгын дараа Орос-Украины дайн зогсоно гэж Польшийн ажиглагчид үзэж байна/

2014 онд салан тусгаарлаж, тэр цагаас ОХУ-ын нөлөөнд байгаа, өөрсдийгөө Бүгд найрамдах Луганск  ард улс, Бүгд найрамдах Донецк ард улс гэж зарлан тунхагласан Украины хоёр мужийн удирдагч нар, түүнчлэн ОХУ-ын армид эзлэгдэн тэдний хяналтад байгаа Херсон, Запорожье, хоёр мужийн эрх баригчид Бүх нийтийн санал асуулгыг есдүгээр сарын 23-ны баасан гаргаас 27-ны мягмарт тав хоногийн хугацаанд  тус бүртээ явуулна гэж мэдэгдсэн. Украин улсын зүүн хязгаарын эдгээр 4 муж тус бүрт зохион байгуулагдах энэ санал асуулга нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох талаарх ганцхан агуулга сэдэвтэй байх ажээ.

АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн (ISW)-гээс, эдгээр Бүх нийтийн санал асуулга болон Ерөнхийлөгч В.Путин нь ОХУ даяар Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаа нь Украины баруун тийш хийж буй сөрөг довтолгоо амжилтад хүрч Оросыг дэмжигч салан тусгаарлагчид, түүнчлэн Кремлийн эздийг сандаргаж эхэлснийг батлан харуулж байна гэж дүгнэлт гаргажээ.

Дээрх дүгнэлт нь өнгөц харвал ОХУ-ын цэргийн ажиллагаа ялагдлаар дуусч дайны нөхцөл байдал Украинд сайнаар эргэх мэт төлөв байгаа ч Польшийн зарим улстөрийн тоймчийн бодлоор бол бүр эсрэгээрээ муугаар тусаж тус улсын хувьд “To Be or Not to Be”-д /Шекспирийн эмгэнэлт жүжгийн үг/ хүрэх эрсдэлтэй гэнэ. Хүн амын тоо нь

Луганск – 2,21 сая

Донецк – 4,28 сая

Запорожье – 1,78 сая

Херсон – 1,06 сая юм байна.

    Урьдчилсан тандалтын судалгаагаар 4 мужийн ард иргэдийн 60-80 хувь нь ОХУ-тай нэгдэх санал өгөх магадлалтай байгаа. Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 21-нд Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах зарлиг гаргаснаа телевизээр олон нийтэд танилцуулах үеэрээ ОХУ-д нэгдэн орох Бүх нийтийн санал асуулгыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ бүхнээс харвал, тун удахгүй Украины зүүн талын дөрвөн муж Донецк, Луганск, Херсон, Запорожье ОХУ-д дагаар орж бүрэлдэхүүнд нь багтсанаар ОХУ-ын хилийн шугам баруун тийш шилжиж Украины Харьков, Днепропетровск, Николаев гэсэн гурван мужтай тулж хиллэнэ гэсэн үг.

    Польшийн улстөрийн тоймч, ажиглагчдын тайлбарыг харахад, Украины арми нэгэнт ОХУ-ын нутаг дэвсгэр болсон эдгээр мужийг чөлөөлөх довтолгоогоо зогсоохоос аргагүй байдалд орно. Хэрвээ довтолгоогоо үргэлжлүүлбэл өөрийн эзлэгдсэн нутаг дэвсгэрээ чөлөөлөх байлдаан бус ОХУ-д халдан довтолсон цэргийн ажиллагаа гэж тооцогдох учраас зарлаагүй дайн болж хувирна. Оросын тал Украинд албан ёсоор дайн зарлах магадлалтай бөгөөд В.Путиний удаа дараа “Орос өөрийн нутаг дэвсгэрийг бүхий л хэрэгслээр хамгаална. Оросын Цөмийн зэвсгийн үзэл баримтлалд цөмийн зэвсгийг зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт дайсан этгээд довтолсон үед л хэрэглэнэ гэж заасан” гэж мэдэгдэж байсан анхааруулга нь бодит байдал болж хувирах эрсдэлтэй ажээ. Эцэст нь “To Be or Not to Be”-гийн нөхцөл байдалд орсон Украин улс зүүн хязгаарын нийт 9 сая гаруй  хүн амтай дөрвөн мужийн нутаг дэвсгэрээ ОХУ-д алдаж, эзлэгдсэн газруудаа чөлөөлөх баруун зүгийн шударга аян дайнаа зогсооход хүрэх ажээ

Энэ 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн, орон нутгийн 05 цагт ОХУ-ын талаас “цэргийн ажиллагаа” нэртэйгээр эхлүүлсэн Орос-Украины дайн ямар ч болов галын шугам дээр завсарлах нь ийнхүү ойлгомжтой болж байна.