Н.Түвшинбаяр, Э.Оюунболд нарын шавьтай явсан Б.Бат-Эрдэнэ сайд Тамирчдаас ёс зүй, сахилга батыг шаардана

0
30

 

Хүнтөрөлхтөний спортын их наадам “Парис 2024” зуны олимп ойртож байгаатай уялдаж Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар саяхан томилогдож “давхар дээл”-тэй болсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МУ-ын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Манай улсын шилдэг бөхчүүд “Парис 2024” олимпын өмнөх өнгө тодорхойлох тэмцээнүүдийн нэгд тооцогдох, Серби улсын нийслэл Белградад энэ есдүгээр сарын дунд үеэр болсон чөлөөт, сонгомол бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-д амжилттай барилдсан. “Белград 2022” ДАШТ-ээс

__ДАШТ-ий эрэгтэй, 125 кг-ын жин. Мөнгөн медаль – Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл

__ДАШТ-ий эмэгтэй, 53 кг-ын жин. Мөнгөн медаль – Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Хулан

__ДАШТ-ий эмэгтэй, 50 кг-ын жин. Мөнгөн медаль – Олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал

__ДАШТ-ий эрэгтэй, 57 кг-ын жин. Хүрэл медаль – “Хилчин” спорт хорооны тамирчин З.Занабазар нар хүртсэн.

Олимпын аварга Н.Түвшинбаяр, үндэсний бөхийн арслан Э.Оюунболд нар нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ сайдын үүсгэн байгуулсан хувийн хэвшлийн бөхийн “Аварга” дээд сургуулийн төгсөгч, түүний гарын шавь нарын хоёр нь юм. Эдгээр бөхчүүд спортын амжилтаараа монголчуудаа баярлуулж явсан ч хувь хүний ёс зүй, сахилга  бат талаасаа хэрхэн урам хугалсныг дахин дурсах ч хэрэггүй байх, болсон бараан үйл явдлыг ой санамжаасаа авч хаямаар санагддаг. Сайх хоёроос болж тухайн үед “Аварга” дээд сургууль тамирчин бэлтгэхдээ сайн сургалттай ч, ёс зүйн төлөвшил оюутнууддаа суулгах талдаа нойл юм байна гэсэн сөрөг мессеж олон нийтийн цахим сүлжээгээр давалгаалж байсан.

Чихийг нь мөн ч их халууцуулсан хоёр шавиасаа санамж авсан байх, түүнчлэн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хорооны даргаар сонгогдон хэсэг хугацаанд ажиллаж төрийн түшээ эрхэм гишүүдийн ёс зүйг зүгшрүүлэх гэж “ноцолдсон” нь ч нөлөөлсөн байх, алин боловч Б.Бат-Эрдэнэ сайд тамирчны ёс зүй сахилга батад ихээхэн анхаарах болжээ. Тэрбээр “Белград 2022” ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүд, дасгалжуулагчдыг хүлээн авсан энэ уулзалтаараа тэдэнд хандаж, Цалин урамшууллыг тамирчид дасгалжуулагчдад зөвхөн спортын амжилтаар нь бус дээр нь сахилга бат, ёс зүй жудгийг нь чухалчлан хамааруулж олгох бодлого цаашид барина гэдгээ илэрхийллээ.